Оросын зэвсгийн үйлдвэр холын зайнаас удирдагддаг танк бүтээх болсноо зарласны дараа ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин армид удахгүй “World of Tanks” компьютер тоглоомын мэргэжилтнүүд хэрэг болно гэж ярьжээ.
Өчигдөр буюу Даваа гарагт тэр твиттер хуудсандаа “одоо бидэнд танкчин хэрэггүй, World of Tanks-ын тоглогчид хэрэгтэй болно” гэж жиргэсэн байна.
Оросын хэвлэлүүд Уралвагонзавод компани удахгүй T-90 танкыг 3-5 км зайнаас удирддаг болгохоо зарласныг мэдээлсний дараа Рогозин ийнхүү жиргэсэн аж.
T-90 бол Уралвагонзаводын үйлдвэрлэсэн өмнөх загвар бөгөөд одоо илүү орчин үеийн Армата танк бүтээж байгаа юм.
World of Tanks нь 2010 онд Беларусийн Wargaming компаний бүтээсэн олон хэрэглэгчийн тоглоом бөгөөд 2014 оны байдлаар 50 сая хэрэглэгчтэй гэж Форбс сэтгүүл тооцоолж байжээ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!