Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Лукашенко тав дахь удаагаа Беларусийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко 83.49 хувийн саналаар ялж, тав дахь удаагаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдлэх нь тодорхой боллоо.

Хоёрдугаарт 4.42 хувийн саналаар “Гавари Правду” сөрөг хүчний хөдөлгөөний нэр дэвшигч Татьяна Караткевич жагссан байна.

Сонгуулийн ирц 86.7 хувьтай байсан тухай Сонгуулийн Төв Комисс мэдээлжээ.

Лукашенкогийн гурван өрсөлдөгчийн хоёр нь албан ёсны дүн гарахаас өмнө түүний ялалтыг хүлээн зөвшөөрч баяр хүргэсэн байна.

Харин санал асуулга хаагдсаны дараа 200 орчим хүн Минскийн төв талбайд жагсаж Лукашенкогийн дарангуйллыг эсэргүүцсэн гэнэ.

Сонгуулийн Төв Комисс аравдугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулиас нэг хоногийн өмнө нийт бүртгүүлсэн долоон сая сонгогчдын 36 хувийн саналыг урьдчилж авсан байна.

Сөрөг хүчнийхэн энэ үеэр төрийн албаныхан, эмнэлгийн өвчтөнүүд, оюутнуудыг урьдчилж саналаа өгөхийг шахаж шаардаж байсан тухай гомдол гаргажээ.

1994 оноос хойш тасралтгүй ерөнхийлөгчийн албыг хашихдаа А.Лукашенко сонгууль бүрээр 75-аас дээш хувийн санал авч байсан юм.

Өмнөх сонгуулийн дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан тул энэ удаа Лукашенко сөрөг хүчний удирдагч нарт урьдчилан анхааруулж “бид хэнийг ч нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

2010 онд сонгуулийн дараа цагдаа нар сөрөг хүчний жагсаалыг хүчээр дарж удирдагч Статкевичийг хорьж байсан юм.

Үүний хариуд Европын Холбоо нэр бүхий 201 иргэн болон 18 компанид хориг арга хэмжээ авч байжээ.

Беларусь  нь сүүлийн жилүүдэд Барууныхан болон ОХУ­-ын хооронд завсрын бүс болж, геополитикийн чухал ач холбогдолтой цэг болоод байгаа. Тиймээс Москва Беларусьт ач холбогдол өгөн газрын тос зэрэг бүтээгдэхүүнээ хямдралтай нийлүүлж байгаа бөгөөд Минск түүнийг нь боловсруулж Европын зах зээлд өндөр үнэтэй гаргаж ашиг олох болсон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe/ Radio Liberty