Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний ой модны хөтөлбөр хэрэгжүүлэх 4 сая долларын баримт бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2015 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-аас манай улсад суугаа суурин зохицуулагч, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжих Монгол орны Үндэсний UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Уг ёслолд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Ундармаа, НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч, ноён Томас Эрикссон, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн орлогч ноён Кевин Галлахэр нар оролцлоо.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ”Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. НҮБ-ын UN-REDD (Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах) Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Монгол орны Үндэсний UN-REDD хөтөлбөр амжилттай эхлэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сард болсон хурлаар Монгол Улсын Засгийн газар Үндэсний UN-REDD төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай дөрвөн сая ам.долларын санхүүжилтийг батлуулсан. Цаашдаа ч олон тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман “Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжин ажиллаж байсан БОНХАЖЯ, Ойн бодлого зохицуулалтын газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтийн өндөр эрсдэлтэй. Учир нь хөдөө орон нутагт амьдардаг иргэд байгальд ойр учир уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд сөрөг нөлөөтэй учир энэхүү хөтөлбөр  чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Тус хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ойгоос ялгарах хүлэмжийн хийг бууруулах, ойд хуримтлагдах нүүрстөрөгчийн хийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба ойн тогтвортой менежмент, ойжуулалт, ой хамгааллын үйл ажиллагааг хамруулсан байна.

UN-REDD Хөтөлбөрт Монгол улс, 2011 оны зургадугаар сарын 20-нд албан ёсны гишүүнээр элссэн билээ. Энэхүү хөтөлбөр Африк, Ази-Номхон далай, ЛатинАмерик, Карибын тэнгисийн 56 түнш оронд хэрэгжиж байна.

Ингэснээр,Монгол улс нь тус хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөртөө санхүүжилт авсан умардын ой бүхий анхны орон болж байна. UN-REDD Үндэсний хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.