Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

МСБХ: Хүүхдийн Спортын V бага наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн будлиантай эхэлсэн

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монголын Сагсан Бөмбөгийн холбооны төлөөлөгчид өнөөдөр Монголын Хүүхдийн Спортын V бага наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн будлиантай эхэлсэн талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

МСБХ нь Монголын Хүүхдийн Спортын V бага наадмын Сагсан бөмбөгийн урьдчилсан шатны хот, нийслэл, бүс, улсын аваргын тэмцээнийг багагүй өртөг зардалтайгаар зохион байгуулжээ.

Гэтэл шигшээ шатны тэмцээний үеэр буюу есдүгээр сарын 11-ний өдөр тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо хэмээх өөр холбоонд шилжүүлэн өгчээ. Энэ эрхийг өгсөн албан тушаалтан нь ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар юм байна. 


Энэ талаар МСБХ-ны Эмэгтэй шигшээ багийн албаны дарга, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Энэбиш ийнхүү ярьлаа.

 

“Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо 2013 оны гуравдугаар сарын 3-ны өдөр ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулсан. Энэхүү чуулганаар МСБХ-ны Ерөнхийлөгчийг сонгох байсан.

Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн нэрээ дэвшүүлсэн. Нэг нь МҮСБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нөгөө нь Б.Тамир гээд залуу байсан.

Ингээд 68 хувийн саналаар Б.Тамир МСБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Чуулган дууссаны дараа МҮСБХ “хурлын ирц бүрдээгүй” гэдэг шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд тавдугаар сарын 14-нд Баянгол дүүргийн шүүгч н.Энхцэцэг захирамж гаргасан.

Энэхүү захирамжид ээлжит бус чуулганаар хуралдсан удирдлага, УЗ-ийн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулахгүй байх, улсын бүртгэлд бүртгэхгүй байх, Монгол Улсаа төлөөлөн гадаадын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гарсан юм.

Шүүгчийн захирамж шүүхийн шийдвэр гарах хүртэл хүчинтэй байдаг. Үүний дараа шүүхийн шийдвэр нь 2014 оны наймдугаар сард гарсан. Шүүхээс ердөө ээлжит бус чуулганыг л хүчингүй болгох шийдвэр гаргасан. МСБХ үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн ямар ч үг үсэг, заалт байхгүй.

МСБХ үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн ямар ч үг үсэг, заалт байхгүй

Ингээд чуулганыг хүчингүй болгосон учраас чуулганаар сонгогдсон удирдлага үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа юм. Иймээс МСБХ-ны ахмад мастерууд, УЗ-ийн гишүүдийн санаачлагаар Монголын Сагсан бөмбөгийн Мэргэжлийн Клубуудын Холбоог байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид тавдугаар сарын 14-ний хуралдаанаар ямар шалтгаанаар МСБХ тэмцээн явуулах эрхгүй болж байгаа юм бэ гэдэг дээр тайлбар өгөх хүсэлт тавьсан ч хэн ч тайлбар өгөөгүй. Шүүгчийн захирамж яриад байгаа юм. Шийдвэрээ аваад ир гэхээр ЭМСЯ-нд өгсөн гэдэг.

Маргалдаан үүссэн учраас ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар өөрийн хуулийн зөвлөхөө тэмцээн рүү явуулсан. Хуулийн зөвлөх нь ирээд бүх бичиг баримттай танилцаад өөрийнхөө тайлбарыг хоёр талд өгсөн. Үүн дээр МСБХ үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн үг захирамж дээрээ ч байхгүй байна, энэ үйл ажиллагааг МСБХ явуулах бүрэн эрхтэй гэдгийг хэлсэн.

Гэтэл цаанаас нь МСБХ ямар гомдол гаргах нь хамаагүй МҮСБХ-нд тэмцээн явуулах эрхийг өг гэсэн шийдвэрийг Т.Болдбаатар сайд есдүгээр сарын 14-ний орой 19.00 цагт өгсөн байгаа. Ингээд бид МҮСБХ-нд тэмцээн явуулах эрхийг өгсөн шалтгааныг албан ёсны бичгээр өгөх хүсэлт тавьлаа. Гэтэл Т.Болдбаатар сайд 2015 оны 12 дугаар сард ямар ч үндэслэл, тайлбаргүй бичиг явуулсан.

Ингээд бид бүх үйл ажиллагаагаа явуулчихаад шүгэл дуугарч, тэмцээн эхлэхийн өмнө МҮСБХ-нд тэмцээн явуулах эрхийг дэд сайд Т.Болдбаатарын шийдвэрээр өгсөн юм. Бид Т.Болдбаатараас өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар авах гээд авч чадаагүй байна” гэв.

Тэдний зүгээс ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатараас энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг ямар шалтгаан, үндэслэлээр МҮСБХ-нд өгсөн, эрхийг нь яагаад цуцлах болсноо тайлбарлах хүсэлт тавьж байгаа аж.

Мөн МСБХ-ноос урьдчилсан шатны тэмцээнүүдийг зохион байгуулахад 35 орчим сая төгрөгийн зардал гаргаж, олон хүний хүч хөдөлмөр гаргасан. Одоо энэ зардлаа хэнээс гаргаж авах вэ гэсэн асуултыг салбарын дэд сайддаа тавьж байна.