• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Таныг, таны хүүхдийг ингэж цахим гэмт хэргийн хохирогч болгодог

Ж.Отгон
2015 оны 9 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Техник технологи өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөө үед интернэтийн хэрэгцээ шаардлага өсч байгаа. Тиймээс ч интернэтээр үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг жил ирэх тусам өсөн нэмэгдүүлсээр байна.

Монгол Улсын хэмжээнд ца­хим гэмт хэргийн хохирогч болсон иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг албаныхан онцол­дог. Тиймээс ч энэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх үүд­нээс энэ талын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

ЦЕГ фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцжээ

Цагдаагийн байгууллагад иргэдийн гаргаж байгаа өргөдөл гомдлын 80-90 хувь нь олон нийтийн сайтууд болох facebook,  twitter, youtube зэрэг томоохон сайтуудтай холбоотой бай­даг байна. Учир нь бусдын нэр төрд халдаж, алдар хүндийг гутаан доромжлох, гүтгэх, залилах, бусдын хувийн нууцыг ашиглан далайлган сүрдүүлэх гэх мэт хэргийн гаралт буурахгүй харин ч өдрөөс өдөрт нэ­мэгдсээр бай­гаа аж.

Энэ нь манай улсын иргэд фэйсбүүк болон твиттер хуудсанд өөрсдийн хувийн мэдээллийг онлайн ертөнцөд чөлөөтэй тарааж байгаатай холбоотой бөгөөд хувийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж өөрсдөө хохирогч болох нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. 

Тухайлбал, цагдаагийн байгууллагад хандсан иргэд  “миний зургийг зөвшөөрөлгүй аваад хуурамч хаяг нээсэн байна, миний зургийг зарын сайтад тавиад “янхан гээд биччихлээ” гэсэн гомдол гар­гадаг гэнэ. Гэтэл уг гомдлыг  шалгаад  үзэхээр тухайн хү­ний өөрийнх нь мэдээллээ хамгаалах чадварын асуудал байдаг аж. Өөрөөр хэлбэл, гэрэл зургаа фэйсбүүк хуудсандаа ил буюу хэн ч үзэж болохоор хийсэн байдаг байна. Тиймээс л дурын хүн ороод зургийг нь татаж аваад буруугаар ашиглах нь ойлгомжтой. 

Гэхдээ фэйс­бүүк хэрэглэгч хэсэг бүлэг хүмүүс бусдын нэр хүндийг ийнхүү гутаан доромжлох нэг том боломж гэж эндүүрэх хэрэггүй. Учир нь цагдаагийн байгууллагаас эдгээр хүмүүст хариуцлага тооцож байгаа. Тухайн иргэн гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг мөн эсэхийг шалгаад, буруутай этгээдийг олж тогтоогоод  хариуцлага тооцдог гэсэн үг. 

Дашрамд дуулгахад, бусдын өмнөөс хуурамч фэйсбүүк хаяг нээж, нэр төрд нь халдах тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Тэгвэл энэхүү асуудлыг зохицуулах  зорилгоор ЦЕГ АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Мон­гол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягуудаа устгуулах бүрэн боломжтой болсон байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “ЦЕГ-аас АНУ дахь фэйсбүүкийн компанитай харилцан тохиролцож Монгол Улсын иргэд өөрийн хүсэлтээр хуурамч фэйсбүүк хаягуудаа устгуулах бүрэн боломжийг бүрдүүлсэн. 

Тодруулбал, та өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаасаа фэйсбүүкийн “help center”- рүү нь бичиг баримтаа хуулбарлан явуулж хүсэлтээ илгээ­вэл тухайн хуурамч фэйсбүүк хуу­даснуудыг фэйсбүүкийн үндэсний төвөөс устгадаг болсон” гэв. Тиймээс цахим ертөнцөд дураараа хэ­нийг ч доромжилж болдог гэсэн ойлголт ар хоцорсон гэж ойлгож болох нь ээ. 

“Фэйсбүүкийн зурагчинд” эрүү үүсгэхээр боллоо

Сургуулийн насны бүх хүүхэд сүүлийн үеийн ухаалаг гар утастай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч сургууль дээрээ хичээлээ хийхгүй зөв­хөн гар утсаараа цахим ертөн­цөөр аялах бол­сон байна. Тиймээс ч зарим сургуулиуд сургуулийн ор­чинд ухаалаг гар утас  ашиг­лахыг хориглох хүртэл  арга  хэмжээ авч эхэлсэн аж.

Гэсэн  хэдий ч фэйсбүүк болон твиттер хуудсуудад насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр дурын мэдээлэлд чөлөөтэй нэвтэрч орж байгаа. Зарим тохиолдолд гэмт хэргийн хохирогч болох аюул занал учраад байгаа юм. 

Сургуулийн насны бүх хүүхэд сүүлийн үеийн ухаалаг гар утастай болсон гэхэд хилсдэхгүй.

Тухайлбал, гэрэл зурагчин Ө гэгч фэйсбүүк хуудсаар дамжуулан охид бүсгүйчүүд рүү "Зургийг чинь дарж өгье.  Уулзъя"  гэж мессэж бичдэг гэдэг мэдээлэл өнгөрөгч наймдугаар сард цахим орчинд мэдээлэгдсэн.

Тэгвэл үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад гэрэл зурагчин Ө-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Одоогоор гурван хохирогч тогтоогдоод байгаа бөгөөд тэдний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байгаа ажээ. 

Тиймээс  интернэт орчинд үр хүүхдүүдийнхээ  хийж буй үйлдлүүдэд анхаарал тавьж байх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Энэ мэт секс сүрдүүлгийн гэмт хэрэгт зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүд хохирогч болдог гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээдүүд фэйсбүүк болон бусад төрлийн сошиал сайтаар хохирогчтой танилцсанаар секс сүрдүүлгийн гэмт хэ­рэг эхэлдэг байна. Улмаар дотно харьцаанд орохыг хүсч Facebook, Skype, Yahoo мессен­жерүүдийг ашиглан хохи­рогчийн хувийн чанартай зураг болон бичлэгийг хуулж авдаг гэнэ.

Нэгэнт хувийн нуу­цийг хуулаад авчихсан учир олон улсын мөнгөн гуйвуулга болох Western Union, Moneygram үйлчилгээгээр тодорхой заагдсан хугацаанд шаардсан мөнгөн дүнг шилжүүлэхгүй шаарддаг байна. Хэрвээ мөнгө шилжүүлэхгүй бол эдгээр материалуудыг найз нөхөд болон олон нийтэд тараана хэмээн сэтгэл санааны да­рамтанд оруулдаг аж. Энэ төрлийн гэмт хэргийн хохи­рогч гэхэд энэ онд 20-35 орчим насны нийт 15 иргэн бүрт­гэгдчихсэн байгаа аж. Тий­мээс цахим ертөнцөд насны ялгаа харгалзахгүй хохирогч болох магадлал өндөр байгаа юм. 

Интернэт залилан “цэцэглэж” эхэлжээ

Цахим ертөнцийн гэмт хэрэг зөвхөн секс сүрдүүлэг, нэр хүндийг ийнхүү гутаан доромжлох зэргээр зогсохгүй цахим шуудангийн луйвар, интернэт залилан “цэцэглэж” эхэлжээ. Энэхүү гэмт хэр­гийн хохирогч болоод бай­гаа манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд анхаарал болгоомжгүйгээсээ л хохирдог гэж хэлж болно. Учир нь хохирогчид харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шил­жүүлэхийг хүссэн цахим шуу­дан хүлээж авдаг бөгөөд тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохи­рогчид болдог.

Иймээс энэ төрлийн цахим шууданг хүлээи авсан то­хиолдолд үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух болон ирж буй и-мэйл хаягийн зөв бурууг нягталж шалгаж байх шаардлагатайг анхаараарах хэрэг­тэй. Интернэт  залилангийн  хувьд ихэнхдээ санамсаргүй байд­лаар хонж­ворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг ир­гэдийн и-мэйл хаяг, фэйсбүүк болон гар  утсанд илгээдэг байна.

Энэ төр­лийн гэмт хэргийг гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс буюу Малайз, Сенегал, Англи, Филиппин улсуудаас үйлдэж байгаа аж. Эдгээр улсаас манай улсын иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүү­гийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож эхэлдэг байна. 

Улмаар  итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч бат­ламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээдэг. Үүний дараа урьд­чилгаа төлбөр, татвар зэ­рэг шалтгаанаар бага бус хэм­жээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг байна.

Мэдээж гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг тү­гээмэл ашигладаг гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол манай улсад 2012 долдугаар сарын 02-нд бүртгэгдэж байсан бол одоо нийт 27 иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд хохирсон байна.

Хохирлын хэмжээ ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Тиймээс иргэд интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх аливаа үйлдэлд автагдахгүй байх нь зүйтэй. Уг интернэт луйврын гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. 

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 51-265727 дугаарын утсаар, “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” гэх нэртэй фэйсбүүк хаягаар болон cvbercrime@police.gov.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм байна. 

Зураг