АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчдыг Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хандан "Монгол Улсын спортын түүхэнд, тэр дундаа чөлөөт бөхийн түүхэнд гаргасан та бүхний амжилтыг үнэлэн өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна.
Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албаныхан гээд бүгдэд чинь баяр хүргэе. Өнөөдөр зөвхөн манай яамныхан ч бус Монголын бүх ард түмэн та бүхнээр бахархаж байгаа.
ДАШТ-нд амжилттай оролцож олимпын зургаан эрх өвөртлөн ирснээр "Рио-2016"-н 13 эрхтэй боллоо. Та бүхнийг энэ эрчээрэй олимпод амжилттай оролцож медаль хүртэнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн одоо үлдээд байгаа олимпын эрх олгох гурван тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе" гэлээ.
ДАШТ-нд амжилттай оролцож олимпын зургаан эрх өвөртлөн ирснээр "Рио-2016"-н 13 эрхтэй боллоо.
Эрэгтэй шигшээ багийн хувьд ДАШТ-нд онцгой амжилттай оролцож хүрэл, хошой мөнгөн медаль, олимпын дөрвөн эрх авч багаараа IҮ байранд орсон. Харин эмэгтэй шигшээ баг хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпын хоёр эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг долоо дахь жилдээ авсан юм.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр "Олимпын наадмын өмнөх хамгийн сүүлчийн дэлхийн аварга гэдгээрээ онцлог болж байгаа ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай сайн оролцоод ирлээ.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид үндсэндээ Риогийн олимпыг өнгөлөх тамирчид байх болно гэж олон улсын хэмжээнд дүгнэж байгаа. Баг тамирчид маань сургуулилтаа сайн хийж, бэлтгэлээ сайн хангасны үндсэн дээр дэлхийн хошой аварга, дэлхийн олон олон медальтнууд гарч, олимпын зургаан эрх аваад ирлээ.
Энд би нэг зүйлийг тодруулж хэлэхийг хүсч байна. Манай С.Батцэцэг дэлхийн хошой аварга болохдоо таван барилдаан хийсэн бөгөөд таван барилдаанд нийтдээ 8 минут 16 секунд зарцуулж, ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛСАН ТАМИРЧИН болсон. Энэ бол том амжилт бөгөөд Риогийн олимпоос медаль хүртэх магадлалтай гол тамирчдын нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ.
Бидний гаргаж байгаа амжилт бол хамтын хүчний үр дүн гэдгийг энд хэлмээр байна. Нийт багийнхан, ард түмэн, салбарын яам, дэмждэг ТББ-ууд, МЧБХ-ны хамт олондоо талархал илэрхийлье" гэсэн юм.
Энэ үеэр дэлхийн хошой авраг МУГТ С.Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
- Хамгийн богино хугацаан өрсөгчдөө ялж, дэлхийн аварга болсон тамирчнаар тодорсон байна. Барилдаануудаа бүгдийг нарийн төлөвлөв үү?
- Тийм ээ. 2010 онд дэлхийн аварга болсноос хойш амжилтаа бататгахыг хүсэж, мөрөөдөж, бүх барилдаанаа нарийн төлөвлөж ирсэн. Барилдаан бүрийн өмнө хэрхэн барилдахаа нарийн төлөвлөж барилдсан болохоор богино хугацаанд өрсөлдөгч дөө ялсан. Өрсөлдөгчдөө бараг бүгдийг нь мэддэг, өмнө барилдаж, хамтарсан бэлтгэл хийж байсан болохоор өрсөлдөгчөө судлах тэл дээр нэг их асуудал гараагүй.
- Аваргын төлөөх барилдаан барилдсан японы бөхтэй өмнө нь барилдаж байгаагүй шүү дээ. Өрсөлдөгчөө хэрхэн судлав?
- Аваргын төлөө барилдсан японы бөхтэй өмнө нь барилдаж байгаагүй. Гэхдээ япон бөхчүүдтэй олон барилдаж байсан болохоор барилдахад хэцүү байгаагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!