Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй хуралдаж Засгийн газраас 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!