• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчдэд 700 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуурамчаар үйлджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчийн нэр хүндэд халдсан зарим асуудлын талаар тайлбар өглөө.

Б.ГАЛААРИД: АВЛИГАЧДЫН МӨНГӨӨР АМАА ҮДҮҮЛЭХГҮЙ БАЙЖ, АЖЛАА ХИЙЕ

-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ хандаж зөвлөх, уриалах асуудал байна.

Нэгдүгээрт, бид олон жилийн туршлагаас харахад манай хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчин төдийлөн сайжраагүй. Ийм тохиолдолд бид нар үндэслэлгүй, баталгаагүй, захиалгат мэдээллийг олон нийтэд түгээхийн бол сүүлд нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч буруутан болж үлддэг жишиг, жишээ нэлээд анзаарагдаж байна.

Камер харахаараа шударга хүн болж харагддаг. Цаанаа эсрэг кноп дардаг тийм гишүүдийг бид олонд таниулах ёстой.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, түгээхийг хүсэж, зорьж байгаа аливаа мэдээллийг нэг бүрчлэн нягталж, олон эх сурвалжаас баталгаажуулсны үндсэн дээр түгээж байхгүй бол тун эвгүй байдалд орох, хэвлэл мэдээлэл өөрөө эдийн засгийн болоод бусад хуяг цензурт автах байдал бий болж байна. Сэтгүүлчид бид л шударга үнэнийг хэлэхгүй бол өөр хэн ч хэлэхгүй.

Улс орны эдийн засаг, нийгэм ямар байгааг бид мэднэ. Сүүлийн үед сэтгүүл зүй PR  хоёрыг ялгахад хэцүү боллоо. Та биднийг хүссэн хүсээгүй бидний мэргэжлийг төлбөртэй байдлаар ажилладаг хэлбэр рүү оруулахыг эрмэлзэж байна. Түгээмэл ч боллоо. Ийм учраас бид аль болох үнэнийг мэдээлэхийн төлөө явмаар байна. Авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй байж, ажлаа хийе гэсэн уриалгыг дэвшүүлж байна.

 

Хоёрдугаарт, маш олон хуульд эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Улс төрийн янз бүрийн шийдлүүд асуудал болсон байдлаар илэрхийлэгдэж байгаа ийм үед бидэнд хэн нь хэн бэ гэдгийг харуулах боломж гарч ирж байна.

Камер харахаараа шударга хүн болж харагддаг. Цаанаа эсрэг кноп дардаг тийм гишүүдийг бид олонд таниулах ёстой. Сонгогчид өнөөдөр 25 жил үндсэндээ хэн нь хэн бэ гэдгийг таних сонголтоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хийлээ. Тиймээс бид эх орныхоо төлөө чин шударга хүмүүсийг ард түмэндээ таниулмаар байна. Бас наанаа эх оронч дүр эсгээд цаанаа муу үйл хийдэг хүмүүсийг үнэн бодитоор нь таниулах ёстой. МСЭ ийм байр суурьтай байна. Үүнд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй ажиллаж Ардчиллын гол шалгуур болсон хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө ажиллаач ээ гэж уриалж байна.

СЭТГҮҮЛЧИЙН БОЛОН МСЭ-ИЙН НЭР БАРЬЖ ЯМАРВАА НЭГ ЗҮЙЛ ХИЙДЭГ АСУУДАЛ ОЛШИРЧ БАЙНА

Түүнчлэн нэг асуудлыг энд хөндөж тавимаар байна. Сэтгүүлчдийн нэрийг барьдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг барьдаг, цаашлаад МСЭ-ийн нэрийг барьж янз бүрийн төсөл, хөтөлбөр санаачилдаг, мөнгө төгрөг олдог эсвэл сэтгүүлчдийг олноор нь янз бүрийн аялал зугаалганд авч явахыг оролддог байдал сүүлийн үед ихээхэн анзаарагдаж байна.

Манай байгууллагын нэрийг барьж, МСЭ-ийн дансанд 10 сая төгрөг хийсэн гээд тайлагнаад сууж байсан УИХ-ын гишүүн хүртэл байх жишээтэй. Ийм үйл явдал огт болоогүй. Энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр сэтгүүлчдийн байгууллагыг мөнгө олох нэг арга хэрэгсэл болгож ашиглаж байгааг харуулаад байна гэсэн юм.

Х.БАТХИШИГ: СЭТГҮҮЛЧДЭД 700,000 ТӨГРӨГ ТАРААСАН ГЭХ БАРИМТ ХУУРАМЧ ГАРЫН ҮСЭГТЭЙ БАЙСАН

НЗДТГ өчигдрөөс эхлэн албан бичиг хүргүүлсэн хэвлэлийн байгууллагууд руу хариу бичиг хүргүүлж, олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа сэтгүүлчдэд мөнгө өгсөн гэх гарын үсэгтэй баримт нь хуурамчаар үйлдэж тараасан зүйл байна гэж мэдэгдээд байна

Энэхүү хэвлэлийн хурлын үеэр МСЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг НЗДТГ-аас сэтгүүлчдэд мөнгө тараасан гэх мэдээллийн талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр,

-Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд сэтгүүлчдийн нэр хүндэд халдсан мэдээлэл түгсэн. Өөрөөр хэлбэл, Даншиг наадам болон “Алдарын од” арга хэмжээг сурвалжилсан нэр бүхий 20 байгууллагын сэтгүүлчдэд 700,000 төгрөг өгсөн гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Энэ асуудлыг МСЭ-ийн зүгээс анхааралдаа авч, тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй холбогдож мэдээлэл авсан. Ингэхэд "Тухайн мөнгө авсан гэж нотолсон гарын үсэг нь хуурамч байна, бидний гарын үсэг биш" гэдгээ нэр дурдагдсан сэтгүүлчид мэдэгдлээ.

Мөн тухайн байгууллагууд өөрсдөө НЗДТГ-т хандаж, албан бичиг хүргүүлсэн байна. Энэ хүрээнд НЗДТГ өчигдрөөс эхлэн албан бичиг хүргүүлсэн хэвлэлийн байгууллагууд руу хариу бичиг хүргүүлж, олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа сэтгүүлчдэд мөнгө өгсөн гэх гарын үсэгтэй баримт нь хуурамчаар үйлдэж тараасан зүйл байна гэж мэдэгдээд байна гэлээ.


УРИАЛГА

Эрхэм сэтгүүлчид ээ!

Та бид чин шудрагыг дээдэлж, гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. Улстөрийн орчин ээдрээтэй, олон нийтийн санаа бодолд хувийн болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс өөртөө ашигтайгаар нөлөөлөх оролдлого ийнхүү идэвхэжсэн өнөө цагт шудрага үнэний тугч нь байж, зөв мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөхийн тулд дараахи асуудалд анхаарлаа хандуулахыг та бүхэнд уриалж байна. Үүнд:

1.   Ардчиллын хувь заяаг цөөнхийн эрх мэдлээр дарангуйлан хумихыг оролдож буй ийм ноцтой цаг үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бид л шудрага үнэний талд зогсож бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол өөр хэн ч чадахгүй. Иймд нийгмийн онцгой хариуцлагаа ухамсарлаж, авлигачдын мөнгөөр амаа үдүүлэхгүй байх нь ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах сайн үйлийн нэг тул эрхэм зорилгоо болгохыг уриалж байна.

2.   Өршөөлийн тухай хууль зэрэг үнэний шалгуур болсон ноцтой асуудлуудаар УИХ-ын гишүүн, нөлөө бүхий улстөрч бүр ямар байр суурьтай байгаа, хэрхэн санал өгснийг нь байнга тодруулан мэдээлж, хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь сонгогчдод зөв сонголт хийх боломж олгон ардчиллын хувь заяаг аврахын төлөө та бидний хийж чадах бас нэгэн сайн үйл тул хичээхийг уриалж байна.

3.   Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн нэр барьж хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах нэрийн дор мөнгө олох, элдэв төрлийн хөнгөлөлтөд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх, арга хэмжээ, гадаад аялал зохион байгуулах оролдлого цөөн боловч гарч байгаа тул манай байгууллагатай холбоотой аливаа асуудлаар заавал холбоо барьж тодруулсны эцэст шийдвэр гаргаж байхыг уриалж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ