Засгийн газрын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 7-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.
УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд баримт бичигт Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулна гэж тусгасан. Уг баримт бичигт заасны дагуу Засгийн газраас Эрдэс баялгийн бирж байгуулах тухай тогтоол баталж, үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулиар бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, эрдэс баялгийн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг зохицуулна.
Монгол Улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө 7-рт ордог
Монгол Улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө 7-рт ордог бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1470 орд, 8240 гаруй илэрц бүртгэгдээд байна.
Эрдэс баялгийн биржийн тухай хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин бүрдэхээс гадна нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтой.
Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо
“Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо.
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм. Албан захиа нь санхүүгийн бус баталгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямарваа эрх зүйн болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй.
ТОВЧ МЭДЭЭ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!