Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бартер цэцэглэлээ

Х. Батсайхан
2015 оны 9 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Бартер гэдэг үгийг тодорхой хүрээнийхэн л мэдэхээс ард нийтээрээ гадарладаггүй байсан болов уу. Бараа солилцоо гэсэн үг л дээ. Зоосон, цаасан мөнгө гараагүй байх үед ноёлж байсан хэлбэр. Малчин хүн махаа ногоочинд ногоогоор “тулна”, талхчин хүн оёдолчинд талхаа нийлүүлээд хувцас авч өмсөнө гэх зэргээр хэрэгцээгээ хангадаг байлаа.

Бэлэн мөнгө ховор, бүр байхгүй үед гарч ирдэг гэж хэлж болно. Тэгвэл сүүлийн үед зар, сурталчилгаагаар “Бартер хийнэ” гэх үг их сонсогдох болов. Иргэд мөнгөгүй болж байгаагийн шинж л дээ. Монголчууд дөрвөн жил тансагласны эцэст 2008 оны сонгуулийн дараа юу болсныг мартаагүй байх. 

“Бартер”, “Лизинг” гэсэн үгс тэр үед л танил болсон байх. 

Эрх барьж байсан МАН санал хураалт болохоос өмнөх хэдэн сард бүх зүйл сайн сайхан байгаа мэтээр ухуулга хийж, үнэхээр ч тийм байгаа юм шиг санагдаж байж билээ. Гэтэл санал хураалт болсны маргааш нь шахуу банкууд зээлээ хааж, Төв банк бодлогын хүүгээ нэмэн, бэлэн мөнгө нүдний гэм болж билээ. “Бартер”, “Лизинг” гэсэн үгс тэр үед л танил болсон байх. Тэр ч байтугай лизинг нь урьдчилгаагүй, хүүгүй байсан гээд бод.

Эрх баригчид ирээдүйгээсээ зээлээд идчихсэн байх үед дэлхийн эдийн засгийн хямрал хавсайдаад Монголчуудыг тэгж доошоо ороход хүргэсэн. Хүнд байгааг мэдэж байсан хэрнээ сонгууль өнгөртөл эдийн засгийг хүчээр барьж байсныг нь бодохоор төрийн эрхэнд байсан нөхдүүдийг үзэн ядсан ч багадахаар. Монголчууд өс санаж чаддаггүй ард түмэн юм л даа. 

Санаж байгаа бол, 2004-2008 оны зургадугаар сар хүртэл монголчууд үнэндээ туйлсан. Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байж, орлого нэмэгдсэн учир эрх баригчид эдийн засгийг тэлэх бодлого баримтлах болсон билээ. Халамж ч сайжирч, хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрт мөнгө зарах болсон.

Мөнгөө үрсэн, юу ч үгүй болгосон. Байдал хүндэрч эхлэхэд ямар нэг аргаар тэсч байгаад сонгууль өнгөрөөх аргыг сонгосон. Төв банкинд хүртэл нөлөөлж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг нь хойшлуулж байсан ч байж мэднэ. Энэ бол иргэдийг хууран мэхэлсэн, цаашилбал төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэж ч болохоор хэрэг байлаа. Ийм л юм болсон.

Тэгвэл, ойрноос долоон жилийн өмнөх тэр үед оччихсон мэт санагдах болов. Зарын сонинуудад өнөөх “бартер” гэгч үг олноороо гараад ирлээ. Худалдааны байгууллагууд борлуулалтаа эрчимжүүлэхийн тулд хүүгүй, урьдчилгаагүй лизингийг санал болгох болов.

Иргэдийн худалдан авах чадвар муудаж, компаниуд хаалгаа барьж байна. Тэр хэрээр ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал газар авсаар. Харин эрх баригчид таг чиг ээ. Эрх баригч нам сонгуулийн жил ямар нэг аргаар мөнгө босгож иргэдийнхээ сэтгэл санааг өөд нь татдагсан. Гэтэл тийм ч юм байдаггүй ээ. 

Таван Толгойг булаацалдаж маргалдаад л байгаа сурагтай. Ийм байдлаараа удвал “Зарна”, “Худалдана” гэдэг үг бүрмөсөн мартагдаж, бүх наймаа худалдаа “бартер”-аар явагддаг болж мэдэх нь. 

Зураг