УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай сургалттай 29 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцжээ.
Улсын хэмжээнд ганц байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг уг сургуульд 315 хүүхэд суралцдаг бөгөөд энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.
Нэгдүгээр ангид элссэн багачуудад УИХ-ын гишүүн С.Бямбацогт гарын бэлэг, хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн аж.
Тэрбээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан байдаг. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр ижил тэгш эрхтэй сурч хөгжих боломжоор хангагдах нь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь билээ.
Зургаан настай энгийн хүүхэд сургуульд сурахад хичээл зүтгэл их шаарддаг. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй зургаан настай хүүхэд сурахын тулд өөрөөс нь болон багш, эцэг эхчүүдээс бүр ч их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардана. Иймд та бүхэн минь хичээгээрэй гэж захья. Онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болоорой” хэмээн онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!