Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил болгосон тохиолдолд гэмт хэргийн баримт болгож ашиглахгүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдааны талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. 

Ц.Мөнхтөр “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа. 2015 оны наймдугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Энэ хууль нэлээн удаан хугацаанд яригдсан, эдийн засагч, улстөрчдийн үзэж буйгаар нийгэмд ач холбогдолтой хууль юм. Өөрөөр хэлбэл өөрийн болон бусдын нэр дээр бүртгүүлсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө түүнтэй адилтгах орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсныгаа сайн дураараа үнэн зөв, ил тод болгож санхүү татварын байгууллага, нийгмийн даатгалд мэдээлэх, гаальд нөхөн бүрдүүлэлт хийх боломжтой болж байгаа байгаа. Ингэсэн тохиолдолд тухайн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байх зохицуулалт хийсэн. Ингэснээр далд эдийн засаг гэж яригддаг зүйлээс сэргийлэх, ил байдлыг нь хангуулах юм. 

Энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг анхаарал татсан асуудал. Юуны өмнө энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд иргэд, хуулийн этгээдүүд тодорхой хэмжээний ойлголт өгөх, сурталчлан таниулах ажил чухал байгаа. Дараа нь төрийн байгууллагууд өөрсдөө нэг мөр энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах нь чухал байгаа. 

Мөн нуун дарагдуулсан эд хөрөнгийг ил болгосон тохиолдолд улсын бүртгэлд хэрхэн бүртгэх, нууцыг нь хэрхэн хадгалах зэрэг асуудлыг журамд гүнзгийн тусгаж өгсөн. Дээр нь хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэвэл тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан ажилтан томилж ажиллана. Бас нэг анхаарах зүйл бол иргэд, хуулийн этгээд өөрийн нуун дарагдуулсан эд хөрөнгийг ил болгосон тохиолдол тухайн хэргийг ямар нэгэн гэмт хэргийн баримт болгож ашиглахгүй байх, нууцыг нь сайтар хадгалах, мөн энэ нууцыг бүртгэж авсан ажилтныг хэрэгт татан оролцуулахгүй, мөрдөх үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг хамгаалалтын хэсгүүдийг журамд тусгасан байгаа. 

Уг хуулийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх үүднээс хуулийг цахим бүртгэлээр хэрэгжүүлнэ гэж заасан. Ингэхдээ ямар нэг цаг харгалзахгүйгээр 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 24:00 цаг хүртэл үйлчлэх хүрээ явагдана. 

Тиймээс иргэд, олон нийт, хуулийн этгээдүүд энэ хуульд хамрагдахын тулд цахим бүртгэлд цаг харгалзахгүй хамрагдах боломжтой юм. 
Дээр нь цахим бүртгэлд хамрагдах нөхцөл бололцоо муутай иргэд цаасаар тайлангаа ирүүлэх нөхцөлийг нэмж тусгасан байгаа. Энэ хуулийн хэрэгжилтэд Хууль зүйн яам, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн газар, Нийгмийн Даатгалын газар зэрэг байгууллагуудад хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн байгаа” гэв.