Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Чежү-тэй хамтран ажиллана

БОНХАЖЯ
2015 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл нар Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочлох үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой болох юм.

 Чежүд  жилд 14 сая орчим гадаад, дотоодын жуулчид  аялж амрахаар очдог байна. 

Уг ёслолын үйл ажиллагааг нээж БОНХАЖ-ын  дэд сайд У.Хүрэлсүх “Монгол, Солонгос дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг санамж бичиг байгуулж гарын үсэг зурж байгаад баяртай байна. Бид цаашдаа аялал жуулчлалын компаниудыг чадавхижуулах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, хамтран ажиллах болно” гэж хэлэв. Чэжү хотын Аялал жуулчлалын газрын дарга Чуй Габ Ёл “Уг санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагааны анхны алхам болж байна. Чэжү арал Солонгосын томоохон аялал жуулчлалын бүс нутаг юм. Бид эрүүл мэндийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

БНСУ-ын Чежү арал нь аялал жуулчлалын чөлөөт бүс бөгөөд гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх бодлого барьж, байгаль, түүх, соёл, зугаа цэнгэлийн аялал жуулчлалыг нэг дор хөгжүүлж чадсанаараа онцлогтой юм байна. Чежүд  жилд 14 сая орчим гадаад, дотоодын жуулчид  аялж амрахаар очдог байна. 

Харин Монголд ирэх солонгос жуулчдын тоо жилээс жилд  тогтмол өсөн нэмэгдэж,  тус улс нь манай улсын аялал  жуулчлалын салбарын хувьд голлох зах зээлийн орнуудын нэг болоод байгаа. Солонгос улсыг зорих Монгол жуулчдын тоо ч тогтмол өссөөр байгаа нь хамтын ажиллагааны бодит нөхцөл  хэмээн талууд үзэж байна.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.