Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Гантөмөр: Аймгийн төвүүд болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг хот болгоно

ikon.mn
2015 оны 9 сарын 1
www.ikon.mn
 

Бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөх талаар Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Гантөмөртэй ярилцлаа.

-Аймгийн төвүүдийг хот болгох асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрхэн туссан байдаг вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих, хот суурин, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон өөрчлөхөөр тусгасан.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүх аймгийн төв болон 15 мянгаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэж тусгасан. Зарим хотод улсын зэрэглэл тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд 21 аймгийн төв болон бүсийн тулгуур төв нь орон нутаг, бүс нутгийн хэмжээнд төдийгүй улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, үйлчилгээ, дэд бүтцээр хангагдсан, хүн ам төвлөрөн суурьшсан томоохон хот, Замын-Үүд, Зүүнхарааг хот болгохоор тусгасан.

-Ажил хэр урагштай байгаа вэ?

-Зарим хотод улсын зэрэглэл тогтоох асуудлын хууль, эрх зүйн орчныг судлан дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу аймгийн төв болон хотуудад оршин байгаа сумын Засаг дарга, Тамгын газар, хотын захирагч, захирагчийн Ажлын алба давхцан ажиллах үндэслэлийг авч үзэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал боловсруулах үүрэг даалгавар өгсөн. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр тус ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, Д.Дорлигжав сайд ахлах болсон. Тэднийг шаардлагатай тооцоо судалгаагаар хангах үүрэгтэй техникийн ажлын хэсгийг байгуулан ажилдаа ороод байна.

-Аймгийн төвүүдээс гадна Зүүнхараа, Замын-Үүдийг хот болгох гэсэн үндэслэл нь юу юм бол?

-Замын-Үүд, Зүүнхараа хот нь манай орны босоо тэнхлэгийн болон олон улсын чанартай авто зам, төмөр зам дайран өнгөрдөг тээвэр, ложистикийн зангилаа суурин болж хөгжиж байгаа.

Ер нь бид дээрх төслийг боловсруулахдаа ДНБ-д эзлэх хувь, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, хүн амын өсөлт, бууралт, хэтийн төлөв, ажиллах хүч, орон сууц, дэд бүтцийн хангамж, нийгмийн дэд бүтэц гэхчилэн маш олон шалгуур үзүүлэлтийг судалж, харгалзсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу.

-Бүх аймгийн төвийн хүн ам 15 мянгаас дээш байгаа юу?

Манай улсын хотжилтын түвшин 67 хувь байгаа

-Манай улсын хотжилтын түвшин 67 хувь байгааг зарим судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, 2014 оны жилийн эцсийн байдлаар манай нийт хүн амын 67.3 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон 10 мянгаас дээш хүн ам төвлөрөн суурьшсан газарт амьдарч байна гэсэн үг.

Булган, Дундговь, Хархорин зэрэг зарим аймгийн төвийн хүн ам 15 мянгад хүрэхгүй байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааран хот болгохыг хуульд заасан учраас дээрх тогтоолын төсөлд хамруулсан. Энд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь байршиж, улсын ДНБ-ий 60 гаруй хувийг бүтээж байна.  

 

-Монголд Улаанбаатараас өөр хот байхгүй, Үндсэн хуулиас “хот” гэдэг үгийг аваад хаячихсан гэж ч ярьдаг. Дээрх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь бүрдсэн үү?

-Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд баталсан. Энэ хуулиар хот, тосгон, тэдгээрийн нийгэм, эдийн засаг, удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн гэж үздэг.

Тус хуульд 15 мянгаас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэх дэд бүтэц хөгжсөн, өөрөө удирдлага бүхий суурин газрыг хот хэмээн тодорхойлсон.

Мөн хотыг оршин суугчдын тоо, дэд бүтцийн хөгжлийн түвшин, улсын болон тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээс хамааруулан улсын болон аймгийн зэрэг   лэлтэй байхаар хуульчилсан юм. Ингэхдээ 50 мянгаас дээш, шаардлагатай бол 50 мянга хүртэл оршин суугчтай суурин газрыг эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, хотжилт, дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож болно.

Нөгөө талаас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай болохоос өмнө буюу 1962, 1975 онд Дархан, Эрдэнэтэд хотын зэрэглэл тогтоосон байдаг. Мөн 1991 онд Улсын бага хурлын тогтоолоор Чойрыг улсын зэрэглэлтэй хот болгосон. 1994 онд Зүүнхараа, Хархоринг аймгийн зэрэглэлтэй хот болгосон. Үүнээс гадна Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд бүсийн тулгуур төв гэж тухайн бүсийг гадаад, дотоод зах зээлтэй холбох байгаль, эдийн засгийн тохиромжтой байршил бүхий суурин газрыг улсын зэрэглэлтэй хот гэж ойлгоно гэж заасан байдаг. Эдгээрт нийцүүлж дээрх төслийг боловсруулсан гэж ойлгож болно.  

-Дархан, Эрдэнэтийг бодлогын түвшинд онцгойлон авч үзэх хандлага байна уу?

-Эдгээр нь угаасаа бүсийн тулгуур төв юм. Дарханыг жишиг хот болгон хөгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалж энэ ажил удаашралтай л байна. 

Эх сурвалж: БХБЯ