Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд нийслэлд 14 сургууль, 47 цэцэрлэг, 13 бага сургууль ашиглалтад орлоо

www.ulaanbaatar.mn
2015 оны 8 сарын 31
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлд 2012-2014 онд 29,032 хүүхдийн хүчин чадалтай 61 сургуулийн, 9,440 хүүхдийн хүчин чадалтай 94 цэцэрлэг, 2,715 хүүхдийн хүчин чадалтай 26 дотуур байр, 28 спорт заал барьсан бол 2015 онд нийт 5,690 суудал бүхий 14 сургууль, 5,820 ор бүхий 47 цэцэрлэг, 2,460 суудал, 1,440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий 9 дотуур байр, 7 спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26  барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. 2012 оноос хойш барилга нь ашиглалтаас гарсан Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургуулийн барилгын ажил дуусч энэ онд ашиглалтад орох юм.

Мөн 2012 оноос барилга нь ашиглалтаас гарсан Баянзүрх дүүргийн 10 дугаар тусгай цэцэрлэг, 146 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 32, Баянгол дүүргийн 73, 38, 2014 онд зогссон Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлын төсөв нь шийдэгдэж, гүйцэтгэгч нь тодроод байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгах ажил энэ онд эхэлнэ.

Мөн нийслэлд БНХАУ-ын тусламжаар 19 сургууль шинээр барьж эхлэх юм. Улс, орон нутгийн хөрөнгөөр 2015 онд баригдаж байгаа 179 барилгын 91 нь энэ онд ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 8,150 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 7,260 ороор нэмэгдэх тооцоотой байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4,448 суудлын хүчин чадалтай 8 сургууль, 1,000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байна.

Мөн 350 хүүхэд хүлээн авах 2 дотуур байр, 4 спорт заалны барилга шинээр ашиглалтад орлоо. Харин 9 дүгээр сард 15 барилга (825 хүүхдийн 7 цэцэрлэг, 890 суудалтай 3 сургууль, 180 ортой 2 дотуур байр, 3 спорт заал) нэмж ашиглалтад орно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.