Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 2,235 дугаар олгож, 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1,076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.
Ашигт Малтмалын Газар Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га.талбай болон баруун хагаст үлдсэн .95 сая га.талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажлыг энэ сарын 24-нд эхлүүлсэн боловч өргөдлийн дугаар олголтын системд саатал гарч, аж ахуйн нэгжүүдийг багагүй бухимдуулаад байна.
Нутгийн баруун хэсэгт лиценз эзэмшихийг хүсэгчдийг бүртгэхдээ өмнө нь туршилт хийж үзэж байсан ч энэ удаад ямар нэгэн туршилтгүйгээр дугаар олголтыг явуулсан бөгөөд 900 гаруй байгууллага серверт хандсанаас доголдол үүссэн гэж холбогдох албаны хүмүүс тайлбарлав.
Тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгасан хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа мэдэгдлээ.
Login серверийн уг алдааг бүрэн тохируулахаар Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Шаардлагатай өргөтгөл, тохиргоог хийж, ирэх Даваа гараг буюу наймдугаар сарын 31-нд дахин өргөдлийн дугаар олгохоор бэлтгэж байгааг тэрээр дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!