Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог.
Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана.
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий
1. Хамгийн энгийн арга бол Гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх зөвлөмжийг өгч байна.
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх зөв дадал эзэмших
Цусан суулга. Дизентерия. Shigellosis.
Цусан суулга өвчин нь нянгаар үүсгэгдсэн, бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг давамгайлан гэмтээж, суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр өвдөх зэрэг хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт юм.
Халдварлах зам: Өвчний шинж тэмдэг илэрсэн хүн болон өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.
Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирлогдсон гараар биед орж өвчин үүсгэнэ.
Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм.
Нууц хугацаа: Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ.
Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах
Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.
Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт
Иргэд та бүхэнд хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!