Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ.
Мөн тэрээр энэхүү “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” буюу EPA нь манай улсын хувьд ийм төрлийн анхны хэлэлцээр юм. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болохыг онцлон тэмдэглээд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал хэд хэдэн хуулийг өөрчлөхөөр байгаа. Эдгээр хуулиудыг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ.
Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид хөрөнгө оруулалтын талаар болон дулааны цахилгаан станцын төслийн талаар саналаа хэлж, УИХ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!