ОХУ-ын Алтайн БНУ-ын нутгаас археологичид 1,500 жилийн настай балчир хүүхдийн мумми олсноо өчигдөр зарлалаа.
Муммиг Алтайн Монгол, Казахстан, Хятадтай хиллэдэг Кош-Агачскийн дүүрэгт малтлага хийж байхдаа илрүүлсэн гэж Горно-Алтайн Улсын Их сургуулийн мэдэгдэлд дурдсан байна.
Муммиг агуулсан хайрцагт шороо ороогүй тул 1,500 жил гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан орчинд бүрэн бүтэн хадгалагджээ.
Хүүхэд ямар шалтгаанаар нас барсан, ямар соёл, угсаатны гаралтай болох зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
Харин генетикийн шинжилгээ хийсний дараа энэ бүхэн тодорхой болж Сибирь, Төв Азийн угсаатны нүүдэл суудлыг судлахад чухал баримт болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Ер нь Алтайн бүс нутагт иймэрхүү мумми илэрч байсан нь уг бүсийн цаг уур шарил хадгалж үлдэхэд тохиромжтой байсантай холбоотой гэнэ. Жишээ нь 1993 онд энэ нутгаас 2,500 жилийн настай Скиф эмэгтэйн мумми олдож Мөсөн Хатан хэмээн нэрлэж байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!