Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган өчигдөр болж, залуучуудын төлөө ажилдаг төрийн бус байгууллагууд бие биетэйгээ танилцаж, харилцан суралцаж Залуучуудын талаарх төрөөс баримтлах бодлогын бичигт нэгдсэн саналаа хүргүүллээ.
Залуучууд хүн амын олонхийг эзэлдэг учраас шийдвэр гаргахад идэвхитэй оролцвол нийгэмдээ, орон нутагтаа, орчин тойрондоо ямар их гайхамшигтай өөрчлөлт авчирдаг болохыг чуулганд оролцогчид ам уралдан ярьж байлаа.
Залуу хүн эсвэл оюутан гэхээр залхуу хойрго шоудах дуртай, орон сууц нэхдэг эсвэл сургалтын төлбөр нийтийн тээврийн асуудал л ярьдаг гэдэг ойлголт манай нийгэмд тогтсон билээ.
Гэхдээ бүх залуус ийм биш, залуус бол амьдарч байгаа нийгмээ өөрчлөхийн тулд ямар нэг юм хийхийг үнэхээр хүсдэг, оролцох хэрэгтэй байгаагаа мэдэрдэг. Харин яаж оролцохоо мэдэхгүй бас иргэний боловсрол дутуугаас оролцооны ач холбогдлыг сайтар ухаж ойлгоогүй ураас идэвхи нь сул байгаа болохыг чуулганыг зохион байгуулагчид ойлгуулахыг зорьсон юм.
Залуучууд нийгэм өөрчлөгдөхийг хүлээх биш өөрсдөө нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг хүсдэг, оролцоход бэлэн гэдэг нь чуулганы уур амьсгалаас хүчтэй мэдрэгдэж байсан юм.
Чуулганы үеэр яригдсан амьдралд хамгийн ойр нэг өөрчлөлтийн жишээ бол Эрдэнэт хотын гэр хорооллын дунд орших "Наран" цогцолбор сургуульд шинээр баригдсан Спорт цогцолбор юм. Эрдэнэт хотын “Залуучууд хөгжлийн төв”-ийн залуус нутгийнхаа хүүхэд залуусыг идэвхижүүлж тэдний хүчээр гэр хороолол дундах сургуулийнхаа орчныг спорт цогцолбор болгож тохижуулжээ. Цогцолбор барих мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж өгтөл нь хэрхэн нөлөөлж чадсан тухай төвийн зохицуулагч Ц.Оргилболд хуваалцсан юм.
"Наран" цогцолборын сурагчид бүгд ИТХ-ын гишүүн бүрийн гар утас руу “бидэнд спортын талбай хэрэгтэй, спортын талбайтай болгож өгөөч” гэж мессеж бичиж явуулжээ. Түүнчлэн бүх сурагчид, оршин суугчдын гарын үсгийг цуглуулж ИТХ-руугаа илгээж, орон нутгийн телевизээр нэвтрүүлэг цацаж, Эрдэнэт даяар хүлээлт бий болгож чаджээ. Ингэсний үр дүнд ИТХ-нь Орон нутаг хөгжүүлэх сангаас 132 сая төгрөг батлуулж, хөл бөмбөг, сагс, гүйлтийн талбайтай цогц спортын талбай байгуулж ашиглалтанд оруулсан байна. Залуучууд оролцож чадвал тэдний оролцоо ямар хүчтэй, далайцтай тусаж амьдрах орчин, нийгмээ өөрчлөж чадах их хүч болохыг Эрдэнэтийн жишээ харуулж байна.
Иргэд Орон нутгийнхаа хөгжлийн сангийн хөрөнгийн хэмжээ, юунд, хэрхэн зарцуулагддаг эсвэл дүүрэг хорооныхоо тухайн жилийн төсвийн зарцуулалтад огт анхаарал хандуулж мэддэггүй нь оролцоог хязгаарлах чөдөр болдог. Үүний шалтгаан нь мөн Иргэний боловсролгүйтэй холбоотой юм.
Мөн “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв” ТББ буюу тэргэнцэртэй залуус өнгөрсөн онд "Нийтийн тээврийг нийтэд” гэдэг мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулжээ. Нийслэлийн төсвөөс автобусны компаниудад жил бүр 5.5 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчуулах нөхөн төлбөр болгож өгдөг байна. Гэтэл тэргэнцэртэй иргэдийн ихэнхи нь огт автобусанд сууж үзээгүй байжээ. Тэргэнцэртэйгээ автобусанд хэзээ ч өөрөө орж чадхааргүй хэт өндөр шаттай учраас хоёр хүнээр өргүүлж орохоос нааш боломжгүй. Иймд автобусанд огт суудаггүй байжээ. Харин “Нийтийн тээврийг нийтэд“ сурталчилгааны ажил амжилттай нөлөөлж чадсаны дүнд Улаанбаатар хотод явдаг автобусуудыг тэргэнцэртэй иргэд бусдын тусламжгүйгээр орж болохоор налуу шаттай автобусаар шинэчлэж эхнээсээ ашиглаж эхлээд байна. Энэ кампанит ажлын үр дүнг зөвхөн тэргэнцэртэй иргэд биш хүүхдийн тэрэгтэй явж байгаа эцэг эхчүүд хүртэл хүртэж байгаа билээ.
Залуучууд нийгэм өөрчлөгдөхийг хүлээх биш өөрсдөө нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг хүсдэг, оролцоход бэлэн гэдэг нь чуулганы уур амьсгалаас хүчтэй мэдрэгдэж байсан юм.
Энэ мэтчилэн амжилттай туршлага сургамжаа ам уралдан ярих иргэний нийгмийн залуусын байгууллагуудын чуулганы үеэр саад бэрхшээлээ ярих гэсэн, нийтлэг асуудлаа өөрсдийнхөө идэвхитэй оролцоогоор шийдэхийг уриалсан санаачлагууд гарч байлаа.
Монголд сайн дурын ажил хийх тухай ойлголт хангаллтай хөгжөөгүй.
Залуучуудын ажилд хамгийн их саад болдог зүйл бол залуу хүмүүсийг дүрслэх нийгмийн хандлага гэж бид үзэж байна. Залуу хүн гэхээр дуугай бай, туршлаггүй юм чинь цаашаа, эсвэл төрийн бодлого шийдвэрт санал бодлоо тусгуулах гэж оролдох бүртээ залуу гэдгээр дарамталсан няцаалттай тулгардаг байна. Аймаг сумдын төрийн албан хаагчид залуучуудын байгууллагыг үл тоомсорлодог, аль нэг намын талд орохыг шахаж, иргэний эрх чөлөөнд халдах явдал гардаг нь залуучуудын байгууллагуудыг өсөж дэвжих боломжыг хязгаарлаж байдаг гэж орон нутгаас ирсэн залуусын төлөөлөл ярилаа.
Мөн иргэний нийгмийн залуучуудын ТББ-уудын дунд хүний нөөц, санхүүжилтийн асуудал хэзээ ч арилдаггүй ба санхүүжилтийн тогтворгүй байдал, их ажлын ачаалал нь сургаж, туршлагатай болгож авсан ажилчидаа алдах эрсдэлд оруулдаг байна. Тиймээс төрөөс хүний нөөцийн менежментийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.
Мөн Монголд сайн дурын ажил хийх тухай ойлголт хангаллтай хөгжөөгүй нь бас нэг асуудал гэж үзэж байна. Хөгжингүй орнуудад ч гэсэн ТББ-ууд бага санхүүжилтээр их ажил хийх хэрэгтэй учраас олон хүн цалинжуулах боломжгүй харин залуусыг сайн дурын ажилтнаар ажиллуулж тогтмол ажилд ороход шаардлагатай чухал туршлага суулгах, суралцах чухал дамжлаг болдог юм.
Энэ мэтчилэн чуулганд оролцогч залуусын байгууллагын гишүүд амжилт ололт, алдаа дутагдал болон саад бэрхшээлийн талаар талаар халуун яриа өрнүүлсэн юм.
Үндсэн хуулинд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилгыг залуус бид залуусын бодит оролцоогоор хамтарч шийдвэр гаргах гэж үздэг гэж чуулганыг зохион байгуулагчдын нэг Ц.Мандхайхатан хэлсэн юм. Энэ чуулганыг өнгөрсөн онд НҮБ-ын дэмжлэгээр байгуулсан Монголын залуучуудын эсвэл болон эвслийн гишүүн залуучуудын байгууллагууд хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!