ДЭМБ хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалтыг судалжээ. Судалгаагаар, хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын зардал бусад салбаруудаас илүү буюу жилд 4.2 хувийн өсөлттэй байсан нь тодорхой болсон байна.
Өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 8.3 хувьтай тэнцэх мөнгийг эрүүл мэндийнхээ салбарт зарцуулжээ. 1990-2000 онд энэ үзүүлэлт 7.3 хувь байсан аж. Техник технологийн дэвшил зардлыг багасгаж байгаа ч хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдсэн зэрэг шалтгаанаар төсвийг байнга өсгөсөөр ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд төсвөө ихээхэн хэмжээгээр танаж байгаа Итали, Испани зэрэг улсууд хүртэл эрүүл мэндийн салбарынхаа зардлыг танахгүйгээр шийдэж байгаа гэнэ. Тэд татвараа нэмэх аргаар алдагдлыг нөхөхөөр төлөвлөөд байгаа аж. Харин эсрэгээрээ батлан хамгаалах, тээврийн салбарын төсөв их хэмжээгээр танагдаж, ажилтнууд нь цомхотголд ихээр орсон аж.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев хоёр жилийн өмнө “2016 он гэхэд төсвөө хоёр дахин бууруулах хүсэлтэй. Гурван жилийн дараа төсвийн албан хаагчдын 20 хувь нь цомхотгогдсон байх болно” гэж мэдэгдсэн. Гэвч цомхотголд цэргийн албан хаагчид ихэвчлэн өртөж, эрүүл мэндийн салбарынхан “өнчин ишигний гарзгүй” 2016 онтой золгох аж. Батлан хамгаалах яам төсвийнхөө бараг тал хувийг хасуулах бол Эрүүл мэндийн яам яг эсрэгээрээ.
Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлээд байгаа Грекийн Засгийн газар ч эмч нартаа өршөөнгүй хандаж байгаа юм. Тус улсын төсөв танах хууль тээврийн салбартаа ихээхэн халгаатайгаар батлагджээ.
120 мянган еврогоос дээш орлоготой иргэдэд 10 хувийн нэмэлт татвар оногдуулж, төсвийн байгууллагын орон тоог 20 хувиар хоргодуулахаар төлөвлөөд байгаа Италийн Зсагийн газар мөн л цагаан өмсгөлтнүүддээ өршөөнгүй хандахаа илэрхийлээд байгаа аж.
Европын холбооны улсуудаас иргэддээ хамгийн хатуу хандаж байгаа улс нь Испани. Тэд төсвийн байгууллагад ажиллагсдынхаа цалинг таван хувиар хасах шийдвэр гаргаж, энэ сараас мөрдөж эхлээд байгаа юм.
Пиренейн хойгийнхны төсвийн байгууллагуудад 2.5 сая орчим Испани иргэн ажилладаг бөгөөд эмнэлэг, сургууль, гал сөнөөх газрууд, орон нутгийн захиргааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтад нэгдэж байгаа юм байна. Испанийн засгийн газрын төсвийн алдагдал одоогийн байдлаар 11 хувь байгаа бөгөөд төсвийн алдагдлаа бууруул гэж Европын холбооноос шахалт үзүүлээд байгаа юм. Ийнхүү төсвөө танах арга хэмжээ авснаар Испани хоёр жилийн дотор 15 тэрбум еврогын хэмнэлт хийх болно гэж найдаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!