Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам чөлөөтэй байхад бусдын хөдөлгөөнд саад учруулж буй жолоочийг торгоно"

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 26
iKon.MN

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд хэд хэдэн шинэ заалтууд нэмэгджээ. Тэдгээр заалтуудын талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболдтой ярилцлаа. 

 

- Хуулийн 28.1-д Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Энэ заалтын үйлчлэх хүрээг тодорхойлж өгөөч?

- Энэ заалт нь жолоо барьж байгаа бүх хүнд биш жолоочийн ажлыг олон цагаар хийдэг хүмүүс, байгууллагуудад түлхүү хамааралтай гэж хэлж болно.

Яагаад заавал хэт ядарсан үедээ машин барьсан хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм гэхээр Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн амь насаа алддаг. Эдгээр ослын дийлэнх нь орон нутгийн замд гарч байна. Орон нутгийн тээврийн жолооч нар, иргэд хол замд олон цагаар тасралтгүй явж маш их ядардаг учраас шөнө, үүрээр үнэхээр ядарсандаа үүрэглэснээс осол гарч байгаа. Жолооч ямар ч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, зөвхөн ядарснаас болж осол гарч, зорчигчид болон өөрөө амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Тиймээс энэ заалтыг зайлшгүй хэрэгтэй юм байна гэж үзээд шинэ хуульд оруулсан.

- Замын цагдаа нар тухайн жолоочийг хэт ядарсан гэдгийг хэрхэн тогтоох вэ?

Хүн хоёр цагаас урт хугацаагаар жолоо барихад ядардаг.

Судалгаагаар хүн хоёр цагаас урт хугацаагаар жолоо барихад ядардаг болох нь тогтоогдсон. Тиймээс жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулсан хэд хэдэн актуудыг мөрддөг юм. Үүний нэг нь “Жолоочийн ажил амралтын дэглэм”. Уг дэглэмд жолооч долоо хоногт 40 цаг ажиллахаар заасан бөгөөд шинэ хуулиар жолоочийн ажил эрхэлдэг хүмүүс уг дүрмийг баримталж урт хугацаагаар орон нутгийн тээвэрт явахдаа заавал ээлжийн жолоочтой явах шаардлагатай болж байгаа. Тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд жолооч нараа дүрмийн дагуу амраахын тулд ээлжийн жолоочийг заавал гаргаж өгөх ёстой.

Цагдаагийн байгууллагын зүгээс хол замд тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд жолоочоо хэрхэн дүрмийн дагуу амрааж байгаа вэ гэдэгт хяналт тавьж ажиллана.

- Шалтгаангүйгээр хэт удаан явсан тохиолдолд 19,200 төгрөгөөр торгохоор заасан байгаа. Үүнд ямар нөхцөл байдлыг хамруулж байгаа вэ?

- Шинэ хуулийн 41.3-т Жолооч шаардлагагүй үед огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл  оногдуулна гэсэн байгаа.

Замын нөхцөл байдлаас шалтгаалаад доод хурдыг тэд байна гэж тогтоох боломжгүй.

Замын хөдөлгөөний дүрмээр хот дотор замын хөдөлгөөнд оролцох дээд хурдыг зааж өгсөн байдаг бөгөөд доод хурдыг зааж өгөөгүйгээс шалтгаалан зам бөглөрөх, түгжрэх тохиолдлууд гардаг. Энэ нь хууль, дүрэм зөрчсөн үйлдэл биш учраас хэн нэгэн замын хөдөлгөөнийг гацаалаа гээд арга хэмжээ авах боломжгүй. 

Замын нөхцөл байдлаас шалтгаалаад доод хурдыг тэд байна гэж тогтоох боломжгүй учраас замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөр зүйлд сатаарч, зам чөлөөтэй байхад бусдын хөдөлгөөнд саад учруулж хэт удаан явж буй  жолоочийг л торгоно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход нөлөөлсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь буюу 48,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан байна. Согтуугаар жолоо барихад нөлөөлсөн иргэнийг хэрхэн тогтоох вэ?

- Үүнийг жишээтэй тайлбарлая. Хоёр хүн хамт архи уулаа гэж бодъё. Ингээд хоёулаа согтсон байтал нэг нь “Би чамаас их согтчихжээ. Чи машин бариад явчих” гэж хэлэхээр нөгөөх нь машинаа барьж яваад цагдаад баригдана. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол зөвхөн машин жолоодсон хүн л баривчлагдана, эрхээ хасуулна. Нөлөөлсөн хүн нь ямар ч торгууль шийтгэлгүй үлдэнэ. Гэтэл тэр хүн согтуугаар машин барьж замын хөдөлгөөнд оролцоход нөлөөлсөн шүү дээ. Тиймээс энэ зүйл заалт шинээр орж ирсэн.

Одоогийн хууль 19 жилийн өмнө батлагдсан. Тэр үеэс хойш замын хөдөлгөөний нөхцөл байдал маш их өөрчлөгдөөд байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах харилцаанд зөвхөн цагдаа жолооч хоёр оролцож байгаа. Харин энэ заалт орж ирснээр нэг төрлийн хөшүүрэг болж байгаа юм.

Хоёр хүн хамт архи уучхаад нэгнийгээ согтуу машин бариулаад явуулбал торгуулна. “Би согтуу байна. Миний машиныг аваад яв” гээд согтуу найздаа машинаа өгөөд явуулбал жолоо шилжүүлсэн гээд  бас торгуулна.  Энэ нь согтууруулах ундаа уусан л бол тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг ойлгуулах зорилготой.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар жолоочийг согтуугаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь цагдаагийн үүрэг. Харин шинэ хуулиар зөвхөн цагдаагийн болон жолоочийн үүрэг биш болсон бөгөөд хамт архи уусан иргэн, олон цагаар машин жолоодож ядрахад хүргэсэн байгууллага, замыг цэвэрлээгүй халтиргаатай орчин үүсгэсэн хувь хүн байгууллага, замын эвдрэл гэмтлийг цаг тухайд засаж сэлбээгүй, арчлаагүй байгууллагад хүртэл хариуцлага хүлээлгэхээр заасан.

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуулиар өмнөх хуулиар зохицуулж болдоггүй байсан асуудлуудыг шийдэх гарцыг гаргаж ирсэн.