«Хөхөө өвлийн хүйтэнд
Хөр цасны жаварт - Өвлийн хүнд бэрх цагийг дүрслэх үг
- Голгүй худалч нөхрийг “Хөхөөг хүйдсээр цохих эр дээ” гэж даажин тохуу болгодог. Өвөл хүйдэс байхаас бус хөхөө байдаггүй болохоор тэгсэн хэрэг.
Эрт цагт монголчууд сарыг одоотой адил нэгдүгээр сар, хоёрдугаар сар, гуравдугаар сар гэх мэтчилэн дугаарлаж байсангүй. Харин сар тус бүр нэртэй байжээ. Жишээлэхэд: буга сар, хуц сар, их улаан сар, бага улаан сар, ухаа хагдан сар, хөхөө сар, өвөөлжин сар гэх мэт. Энэхүү хөхөө сар нь өвөл тохиодог байжээ. Мин улсын үеийн нанхиад монголын харилцааны нэгэн бичгийн эцэст “Өчил минь луу жилийн өвлийн хөхөө сарын найман шинэдэд” гэж бичжээ. Ийм учраас хөхөө өвлийн хүйтэнд гэж байгаа маань хөхөө сарын хүйтэнд гэсэн утгатай үг ажээ.
“Монголын нууц товчоон”-ы төгсгөлийн 282 дугаар зүйлд: “Их хурилдай хурж, хулгана жил (1228), гуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур Ордос бууж бүхүйд бичиж дуусав” гэснээс мөн энэ монголчуудын сарыг нэрлэх уламжлалт нэрлэлт харагдаж байна.»
ҮГИЙН УТГА
БУРАНТАГ – Тэмээний хамарт шөрөглөсөн буйл модноос уяж, залж хөтлөх урт нарийн дээс, оосор (Энэ үг эртний түрэг хэлний “бурун” буюу хамар гэсэн үгнээс гаралтай.)
ЁДОР – Оршуулгын газарт хатгасан мод: ёдор босгох (булшин дээр мод хатгах)ёр нь орж, ёдор нь гозойх (ёр муутай байсан нь үхэх ёр дуудах гэсэн санаа)
ЖИН – Шөнийн цагийг хэмжих нэгж, нэг шөнийг таван жинд хуваана: үүрийн таван жин(шөнийн таван жингийн тав дахь жин нь үүр тэмдгэрч, гэгээ орох үеийн хугацаанд таарна)
ХӨТЛӨХ – Залж дагуулан явах: морь хөтлөх (морийг цулбуураас нь барин сул дагуулан явах), хүүхэд хөтлөх (хүүхдийг гараас нь барьж дагуулан явах) Энэ үг эртний түрэг хэлний “хөт” буюу бөгс гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хөтлөх гэдэг нь анх бөгснөөс дагуулан явах гэсэн утгыг тэмдэглэдэг байжээ. “Хөт” гэдэг үгээс үүссэн бас нэгэн үг бол өнөөгийн бидний хэрэглэдэг орос хэлний “горшок”, монгол хэлний “хөтөвч” буюу шээсний сав юм.
ТОВЧИЛСОН ҮГСИЙГ ТОДРУУЛБАЛ:
MBC –Mongolian Broadcasting Corporation /Монголын Мэдээллийн Корпораци/
MIG –Mongolian Insurance Group /Монгол Даатгал Групп/
MIU –Mongolian International University /Монголын Олон Улсын Дээд Сургууль/
MN –MongolianNews/Монголын мэдээ/
MNB –MongolianNational Broadcaster /Монголын үндэсний нэвтрүүлэгч/
UBS –Ulaanbaatar Broadcasting System /Улаанбаатарын мэдээллийн систем/
SMS – Short Message Service /Богино мессежийн үйлчилгээ/
PIN – Personal Identification Number /Хувийн таних дугаар/
LOL – Lot of Laught /Маш инээдтэй байна/
VIP – Very Important Person /Хамгийн чухал хүн/
-Я, -Е, -Ё нөхцөлийн зөв залгаж бичих нь:
1. Эм үгэнд орсон “е” үсэг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал “е”-ийн өмнө зөөлний тэмдэг (ь) бичиж тусгаарлана. Өөрөөр хэлбэл, гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд“e” хувилбарыг нь залгах бөгөөд өмнө нь зөөлний тэмдэг (ь) бичнэ.
Жишээ нь: МЭДЭГДЬЕ, ХҮРЬЕ, ХҮСЬЕ, МЭДҮҮЛЬЕ, ӨЧЬЕ, ӨГЬЕ
2. Эр үгэнд гийгүүлэгчийн дараа орсон “-я, ё” эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдаж байвал түүнийг өмнөх гийгүүлэгчээс нь хатуугийн тэмдэг (ъ) –ээр тусгаарладаг. Тодруулбал, гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд “-я, ё” нөхцөлийг залгахдаа өмнө нь хатуугийн тэмдэг (ъ) бичнэ.
Жишээ нь: ЯВЪЯ, ТООЛЪЯ, ДУРСЪЯ, ДУУЛЪЯ,
3. Богино, урт, хос, туслах эгшиг болон зөөлний тэмдэг (ь)-ийн дараа “я, е, ё” нөхцөлийг шууд залган бичдэг. Ингэхдээ эр үгэнд “я, ё”-ын аль тохирохыг, эм үгэнд “е” хувилбарыг залгана.
Жишээ нь: ДАГА + Я = ДАГАЯ
ХӨӨ + Е = ХӨӨЕ
ХҮЛЭЭ + Е = ХҮЛЭЭЕ
ХАЙ + Я = ХАЙЯ
ТАРЬ + Я = ТАРЬЯ
ОЁ + Ё = ОЁЁ
Эх сурвалж: МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!