Жил бүрийн хавар их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл хэл ам дагуулдаг. Энэ жилийн хувьд төлбөрийн асуудал мөн л үргэлжилж байна. БСШУЯ-наас зарим сургуулиудад төлбөрийн нэмэгдлээ тодорхой хувиар бууруулах чиглэл өгсөн гэсэн мэдээлэл байна.
Энэ талаар болон цаашид их сургуулиудын төлбөр хэрхэх вэ гэдэг асуудлаар БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.
-Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд наймдугаар сарын 20-ны өдөр МУИС болон АШУҮИС-ийн удирдлагуудад сургалтын төлбөрийн нэмэгдлээ тодорхой хэмжээгээр бууруулах үүрэг өгсөн байна лээ. Ер нь танай яамны хувьд ийм эрх зүйн үндэслэл байдаг уу. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Одоогийн мөрдөж буй Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиараа бол сургуулиудын удирдах зөвлөл төлбөр, хөгжлийн бодлогоо тодорхойлох үндсэн үүрэгтэй.
Яам болон сайдын хувьд шууд нөлөөлөх эрх зүйн орчин байхгүй. Гэхдээ бүх эцэг, эхчүүд, оюутнуудын шаардлага, олон талын зүйлийг харгалзаад Л.Гантөмөр сайд өчигдөр МУИС, АШУҮИС-д чиглэл хүргүүлсэн.
-Яагаад энэ хоёр сургуульд ийм чиглэл өгсөн бэ. Бусад сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?
-Одоогоор МУИС төлбөрөө 40 хувь нэмсэн гэж байгаа боловч бодит байдал дээр Бизнесийн сургууль буюу хуучнаар Эдийн Засгийн сургууль, Хууль Зүйн сургууль, Олон Улсын Харилцааны сургуулиудын нэг кредитийн төлбөр 94 мянган төгрөг болсон. Нэг кредитийн төлбөр 94 мянга гэхээр 24-30 кредит судлахад 2.2 сая төгрөг болж байгаа юм. Хүмүүст 30-40 хувь нэмэгдсэн нь нэлээн өндөр болчихсон мэт санагдаж байгаа хэдий ч бодит байдал дээр ийм байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэгдүгээр курст хамаатай төлбөр.
2-4 дүгээр курсынхэн 12 хувиар нэмэгдсэн. Нэгдүгээр курсын оюутны төлбөр Бизнесийн сургууль, Хууль Зүйн сургууль, Олон Улсын Харилцааны сургуулиудын хувьд 40 хувиар нэмэгдэж байгаа бол Шинжлэх ухаан, Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулиудын хувьд 30 хувиар нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо байгаа 30, 40 хувийн нэмэгдлээ 10 хувиар буулгаач ээ гэсэн. Тэгэхээр төлбөрийн нэмэгдлээс хамаараад сургалтын үндсэн үйл ажиллагаа явагдахгүй болчихвол асуудалтай. Тэр үед хариуцлагыг нь тухайн сургуулийн Удирдах Зөвлөл хүлээх ёстой.
АШУҮИС-ийн хувьд 2-4 дүгээр курсээ 11 хувь, нэгдүгээр курсийн төлбөрөө 25 хувиар нэмсэн байгаа. Энэ хоёр сургууль дээр хамгийн олон гомдол санал ирсэн. Бусад сургуулиуд 10-12 хувьтай нэмсэн байна л даа.
-Тухайн хоёр сургууль яагаад төлбөрөө илүүтэй нэмэх болов?
-Энэ хоёр их сургуулийн суурь төлбөр нь маш бага байсан. Цаашид хөтөлбөрийн шинэчлэл хийгдээд, чанар гэдэг зүйл бодитой болоод ирэхээр хүссэн хүсээгүй төлбөр нь тодорхой хувиар нэмэгдэх шаардлагууд үүсч байгаа учраас өнгөрсөн хавар Удирдах Зөвлөлөөс яг ийм шийдвэр гаргасан. Ойрын үед хоёр сургуулийн Удирдах Зөвлөл хуралдаад зөвхөн нэгдүгээр курсын кредитийн төлбөрийг ямар түвшинд барих вэ, төлбөр нэмэгдэхээ боливол ямар хөрөнгө оруулалтаасаа татгалзах вэ гэдэг асуудлаа ярина.
МУИС-ийн хувьд багшийн хөгжил, сургалт, судалгааны орчин сайжруулах хөрөнгө оруулалтаасаа татгалзах нь. Цаашид бид яаж чанарыг бий болгох вэ гэдэг зүйл дээр амаргүй байна гэдгийг ярьж байна.
Өнөөдөр СЭЗДС-ийн төлбөр 6 сая төгрөг байна. Гэтэл МУИС-ийн төлбөр хамгийн дээд тал нь 2.5 сая л байна. Тэгэхээр энэ байдлыг харьцуулж бодож ойлгох ёстой.
СЭЗДС-ийн төлбөр 6 сая төгрөг байна. Гэтэл МУИС-ийн төлбөр хамгийн дээд тал нь 2.5 сая л байна
Үнэхээр энэ жилийн хувьд улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн орлоготой холбоотойгоор сайд тодорхой хэмжээнд чиглэл өгч байгаа. Гэсэн хэдий ч эцсийн шийдвэрийг Удирдах Зөвлөлүүд гаргана.
-Сургуулиудын төлбөр ерөнхийдөө бага байна гэж ойлгож болох уу. Цаашид нэмэгдсээр л байх уу?
-Дээд боловсролыг чанартай болгоё гэвэл тодорхой хэмжээнд төлбөрөө төлж авч чаддаг байх хэрэгтэй. Бид амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ зээл олгоод явж байна. Өндөр ур чадвартай, сайн оюутнуудад тэтгэлгээ өгч байна.
Тийм учраас энэ тохиолдолд хувь хүн хариуцлагаа биелүүлдэг соёл явах ёстой. Төлбөр нэмлээ гээд бүгдээрээ хэл ам гаргаж байгаад буулгачихдаг, цаашаа сургалт нь ч чанартай болдоггүй, дөрвөн жил сураад ч амьдралд бэлтгэгдэж чадахгүй асуудалтай байна. Тийм учраас цаашид боловсрол үнэтэй байх ёстойг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Өнөөдөр л гэнэт хүүхэд нь 17 нас хүрээд гараад ирчихээгүй. Манай хүүхэд 12 дугаар ангиа төгсөх учраас хэзээнээс эхэлж төлбөрийг нь хурааж, бэлдэх вэ гэж төлөвлөдөг, алсаа хардаг байхад эцэг эхчүүд суралцах ёстой.
Цаашид сайн инженер бэлдэе гэвэл тэнд сайн хөрөнгө зарах ёстой. Сайн эмч гэдэг насан туршдаа ажиллаж, хүний өмнө хариуцлага хүлээх хүн. Хүний амь хариуцах хүнийг сургадаг АШУҮИС-ийн төлбөр өнөөдөр 1.8-1.9 сая л байна. Тэгээд ийм мөнгөөр бүтэн жилийн туршид бэлдээд үнэхээр сайн эмч болох уу үгүй юу гэдгийг бодолцох ёстой.
Яалт ч үгүй улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой сайд ийм чиглэл өгсөн болохоос цаашид бид маш тодорхой ойлголт гаргаж ирэх ёстой.
Оюутнууд сар бүр тэтгэлгээ авч байна, ААН-үүд өндөр ур чадвартай оюутнуудад төлбөрийн тэтгэлгүүд олгож байна. Ганцхан төлбөр өндөр байна гээд байгаа.
Өнөөдөр гэтэл хүмүүсийн гар утас, архи тамхиндаа хэрэглэж байгаа хэрэглээ хэд вэ. Аль хэрэглээнээсээ татгалзаад аль хэрэгцээ рүүгээ хөрөнгө хаях вэ гэдгээ шийддэг ард түмний соёл, төлөвшил хөгжих л ёстой.
-Монголын Оюутны Холбооноос төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаа. Тэд их, дээд сургуулиудын удирдлагын зардал их, тухайлбал нэг сургуулийн захирлын жилийн зардал нь 300 сая төгрөг байна гэсэн мэдээлэл өгч байсан?
-Шилэн дансны хуультай болчихсон учраас тэр асуудал тов тодорхой болсон байгаа. Захирлын зарцуулж байгаа зардал бол хөгжлийн зардал байгаа. Тухайлбал багш нараа чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх, оюутнуудын үйл ажиллагаанд зарцуулах гэх мэт.
Өнөөдөр их сургуулийн багш нарыг чанартай болгоё гэвэл тэр хүмүүст мөнгө зарах л ёстой.
Өнөөдөр их сургуулийн багш нарыг чанартай болгоё гэвэл тэр хүмүүст мөнгө зарах л ёстой
Бүх төрийн өмчийн их сургуулиудын Удирдах Зөвлөлд оюутнуудын төлөөлөл суудаг. Удирдах зөвлөл арав гаруй хүнтэй байлаа гэхэд бараг гуравны нэг нь оюутны төлөөлөл байгаа. Тэр хүмүүс хамтдаа зөвлөөд, хамтдаа шийдвэрээ гаргадаг. УЗ-ийн шийдвэр хамтын шийдвэр байдаг. Тийм учраас МОХ-ныхон хэт олныг бухимдуулсан, төөрөгдүүлсэн мэдээлэл өгч байгаадаа хариуцлага хүлээх ёстой.
Удирдах Зөвлөл төсвөө батлахдаа өнгөрсөн жилийн төсвөө нарийн танилцуулж, тэнд хөндлөнгийн аудит ороод шалгаад явдаг. Тийм учраас ялангуяа төрийн өмчийн сургуулиуд дураараа мөнгө зарцуулна гэж байхгүй. Бүх юм Төсвийн тухай, Худалдан авах ажиллагааны тухай хуулиараа явна. Монгол Улс чинь тодорхой дүрэм, журамтай. Мэдээж менежментийн сул тал, эрсдэл, алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсын төрийн хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр нь өөрөө энэ бүх асуудлаас хамгаалж өгсөн учраас түүнийхээ дагуу л явж байгаа.
МОХ хавар УЗ-ийн хуралд сууж байхдаа хамтдаа шийдвэр гаргасан хэрнээ одоо ярьж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж байгаа. Тэгээд одоо хичээл эхлэх болохоор оюутныг турхирдаг байдал үүсэж байна. Олон нийтэд буруу мэдээлэл өгч, буруу зүйлд турхирах нь буцаад хариуцлага хүлээх үйлдэл шүү дээ.
-Төлбөрийн асуудал дээр яам цаашид ямар бодлого барих вэ?
-Яамны бодлого гэхээсээ илүү сургууль бүрийн бие даасан байдлыг хангах ёстой. Сургууль бүр өөрсдөө хөгжлийн бодлогоо төлөвлөөд, хөрөнгөө бүрдүүлээд, санхүүгээд аваад явдаг чиглэл рүү очих нь чухал.
Дээрээс нь хэдэн төгрөг ирдэг, оюутны төлбөрийн хэдэн төгрөг ордог энэ хүрээнд хараад явна гэвэл бид дээд боловсролын чанарыг дээшлүүлэх боломжгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!