Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагважав: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг улстөржүүлж байна

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 8 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Эдийн засгийн ил тoд байдлын тухай хуулийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, 2008 онд ийм хууль гарснаар эдийн засаг хүндэрч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 700 гаруйгаар нэмэгдсэн гэх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ хуулийг улстөржүүлж байгааг хүмүүс ойлгож байгаа байх. Хэрэв 2008 онд гарсан хууль эдийн засгийг хүндрүүлсэн гэж байгаа бол тэр хүн Монголын эдийн засгийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй гэж ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, макро эдийн засаг, татварын систем баялаг бүтээгчдэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй хүн байна. Харин ч тэр үед гарсан хуулийн ачаар 2008, 2009 оны хямралыг ажралгүй давсан юм шүү дээ. 2006 оны зургадугаар сарын 19-нд манай улс татварын тоо хэмжээг багасгаж дөрвөн 10-ын бодлого батлагдаж байлаа. 

Тэр үед Сангийн сайд байсан Н.Баяртсайхан “Одоо төсвийн орлого 120 тэрбум төгрөгөөр тасарна. Учир нь татварыг багасгаж байгаагаас үүдэлтэй” гэж мэдэгдэж байсан. Дөрвөн 10-ын хууль 2007 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш татварын орлого эрс багассан нь үнэн. Гэхдээ тэр жилийн татварын орлогын гүйцэтгэлээр бүх төвшиндөө өмнөх жилүүдээс өндөр орлого орсон байдаг. Энэ нь татварын систем, татварын хууль шинэчлэгдсэнээр үр дүнгээ өгсөн хэрэг. 

Мөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын хаалттай хуралдаанаар Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх хуулийг баталсан. Энэ хууль өнөөдрийн ярьж байгаа эдийн засгийн өршөөлийн хуультай төстэй. Гэхдээ аж ахуйн нэгжтэй холбоотой байсан юм. Үүний дараа 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөл үзүүлэх хууль гарсан. 

Энэ хоёр хууль татварын системийн шинэ гарааны эхлэх цэгийг өгсөн. Нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Учир нь төр нэг алдаа хийсэн. Онол, эрх зүй, системийн хувьд шинэ зүйл явж байгааг огт тайлбарлаагүй. Тэгэхээр юуны тулд татварын өршөөлийн хууль гаргасан, татварын шинэ систем эхэлж байгааг хүмүүст тайлбарлаагүй.

-Яагаад. Хүмүүс мэдэх эрхтэй биз дээ. Тэгж байж олон аж ахуйн нэгж хамрагдана шүү дээ?

-Ямар ч мэдээлэлгүй, ойлголтгүй учраас харанхуй нүхэнд байгаа мэт байсан. Жишээлбэл, Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хууль зургаан сарын настай байсан юм.

Өөрөөр хэлбэл, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд дуусах байлаа. Гэтэл, Сангийн яам, Татварын ерөнхий газар энэ хуультайгаа холбоотой журмаа гаргалгүй нэлээд цаг алдсан.

Энэ хугацаанд татварын байгууллага болон Засгийн газар, УИХ-аас ганц ч удаа танин мэдэхүйн ажил явуулаагүй. Ингээд дөрөвдүгээр сарын 10-нд арайхийн журам гарсан. Харамсалтай нь 10 хоногийн. дараа сонгуулийн сурталчилгаа эхэлснээр хүмүүст эргэлзээ, айдас хуралдсан. Тэр үед 43,000 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан.

Гэвч 2,856 аж ахуйн нэгж орлогоо ил гаргасан. Нийт компанийн хоёр хувь хамрагдсан гэсэн үг. Мөн энэ хууль иргэдэд хамаатай байсан. Тухайн үед 76,000 иргэн аливаа нэгэн татвар төлдөг байснаас 2,200 иргэн ашиглаж чадсан байдаг. Уг нь тэр үед одоо хардаад байгаа нөхдүүд дуугарах ёстой байсан юм. Гэтэл тэд өөрсдөө гардан зохион байгуулсан учраас хэн ч, юу ч хэлээгүй.

-Энэ хуулийн хугацааг сунгах тухай ярьж байсныг тань санаж байна?

-Яагаад гэвэл, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн ядаж 50 хувийг хамруулах нь эдийн засаг болоод аж ахуйн нэгжийн хөгжилд хэрэгтэй зүйл. Гэтэл төр таг чиг байсаар ирсэн.

-Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гарснаар эдийн засагт ямар үр дүн гарсан юм бэ?

-2008 оны долдугаар сарын 1-нээс 2,856 аж ахуйн нэгжийн 400 гаруй компани татварын орлогын 90 хувийг бүрдүүлдэг байсан. Тэд бүгд өршөөлийн хуульд хамрагдсан. 2008 оны долдугаар сараас манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон. Яагаад гэвэл, тухайн үед зэсийн ханш огцом унасан юм. Учир нь зэсийн баяжмалаа урьдчилж гэрээ хийн өндөр үнээр зардаг байсан. Тиймээс өмнөх өндөр үнийн төлбөрөө барагдуулахын тулд сүүлийн зургаан cap зэсийн баяжмалаа ачуулж байсан. 2009 оны нэгдүгээр сард 1,100 төгрөг байсан ам.долларын ханш 1,700 болж өссөн нь валютын нөөцгүй болсонтой холбоотой.

Тиймээс валютын нөөцгүй, улаанбуудайгүй, 2009 оны зуданд 10 сая малаа алдсан ийм л хүнд эдийн засагтай улс болсон. Үүний дараа 2010 онд эдийн засаг 17 хувиар өссөн. Энэ нь баяжмалын үнэ өссөн гэдгээр тайлбарлах нэгэн бий.

Гэхдээ энэ өсөлт 2007, 2008 онд гарсан хуулийн үр дүн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, бууныхаас бусад бүх татварын орлого 150-250 хувиар өссөн. 2,800 гаруй компани дөрвөн тэрбум ам.долларын орлого ил болсноор аж ахуйн нэгжүүд нэг тайлантай болсноор тэдний үйл ажиллагаа идэвхжсэн юм.

Хуульд хамрагдаж чадсан компаниудын орлого 3-5 дахин нэмэгдсэн байдаг. 

Мөн зэсийн үнэ өсч, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн нь эдийн засгийн өндөр өсөлтийг авч ирсэн.

Тэгэхээр нууж байсан мөнгө нь хөрөнгө оруулалт болж техникийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгө, хүний нөөцдөө зарцуулснаар эрх чөлөөтэй, айх айдасгүй болсон.

Тиймээс л ийм боломжийг бусад аж ахуйн нэгж ашиглаасай гэж хүсч байсан. Гэвч тоомжиргүй байсаар цаг хугацаа алдсан юм шүү дээ. Гэтэл 5-6 жилийн дараа хоёр өөр үр дүн гарсныг бид харж байна. Нуусан орлогоо ил гаргасан компанийн үйл ажиллагаа сайжран 3-5 дахин илүү орлого олох болсон. Ийнхүү бизнес өргөжихийн хэрээр уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. 

Мөн зэсийн үнэ өсч, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн нь эдийн засгийн өндөр өсөлтийг авч ирсэн. Ингэж өссөн мөнгийг манай улсын эдийн засаг шингээж чадаагүй. Учир нь эдийн засаг идэвхтэй байх үед аж ахуйн нэгжүүд барилга, уул уурхайд хөрөнгө оруулсан. Тэгэхээр уул уурхайн үнэ унаж, барилга зогсохоор оруулсан хөрөнгө таваар болсон байгаа юм. Харин хуульд хамрагдаж чадаагүй компаниудын орлого 5-6 жилд 2-3 дахин унасан. Энэ нь зах зээл хумигдсантай холбоотой. Нөгөө талаас 11,240 компанийн захирал байцаагдсан байдаг. Тэд 2008 онд хуульд хамрагдаж чадаагүй хүмүүс байгаа юм.

-Яагаад?

-Хуульд хамрагдаагүй компанийг бүгдийг нь шалгасан. Мөн НӨАТ-ын баримтын асуудал гарч ирсэн юм. Тэгэхээр бид хэдийгээр хууль гаргасан ч хамгаалалт хийгээгүй. Татварыг хүний сайн чанарт найдаж хийдэггүй. Харин гарцаагүй тохиолдолд, өгөхөөс аргагүй систем бий. Үүнийг 25 жил хийгээгүй байсан юм. Учир нь НӨАТ-ын хоёр хувийг буцааж олгох тухай хуулийг өнгөрсөн сард баталсан. Энэ бол татварын хамгаалалт юм шүү дээ. Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс олсон орлогынхоо хоёр хувийг буцааж төлнө. 

Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явж, хийж байгаа ажил үйлчилгээ бүртгэгдэж эхэлнэ. Яагаад гэвэл, хүмүүс татварын буцаан олголтоо авахын тулд тасалбар, баримт нэхэх болно. Өөрөөр хэлбэл, үс засуулах, талх худалдаж авах зэрэг бид энгийн хэмээн ойшоодоггүй зүйлээс ч баримт авахыг хүмүүс шаардаж эхэлнэ. Тэр ч бүү хэл, төр баримтаа нэхнэ.

Тухайлбал, 22 тэрбум төгрөгийн тендер зарласан төрийн компани хоёр тэрбумын НӨАТ төлдөг. Үүнээс 400 сая төгрөгийг буцааж авахыг хүснэ. Энэ мэтчилэн бүхий л зүйл хяналттай болж байгаа хэрэг. Ингэхээр эндээс санхүүгийн шинэчлэлийн эхний алхмаа гишгэчихлээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тайлан балансаа шинэчлэх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. Мөн хувь хүнд ч энэ хамаатай.

-Үйлдвэрлэгчдийг шүүх, цагдаа, татварын байцаагчаар далайлган сүрдүүлж байна гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай улсын хар зах зээл баяр баясгалантайгаар цэцэглэж ирснийг хүмүүс хэлдэг. Яагаад гэвэл, өмнөх Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй газруудад шалгалт оруулан цагдаа хүчний байгууллага, шүүх, прокурорын ухамсар муутай, баялаг бүтээж үзээгүй, бизнес ойлгохгүй нөхдүүд тэднийг хүнд байдалд оруулж байсан. Энэ удаагийн хууль тэрхүү дарлуулсан компанийнханд боломж олгож байгаа юм.

Зураг