Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11,027 хүүхэдтэй. Үүнээс төрийн өмчийн хамран сургах тойргийн 27 цэцэрлэгт 7,837 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэггүй 2, 5, 9, 12, 19 дүгээр хороод байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 3,190 хүүхэд байна.
Иймд дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийн барилга барих шав тавих ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Засаг даргын орлогч Л.Амарзаяа, 18-р хорооны Засаг дарга З.Төмөрбаатар, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
2016 оны есдүгээр сард тус цэцэрлэг ашиглалтанд орсоноор 4-5 насны 70 хүүхэд байгаль орчинд ээлтэй технологиор баригдсан Эко цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!