Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6,000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна. Өчигдөр тус бирж дээр зэсийн шууд худалдааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 100 ам.доллараар буурч 5,000 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн доод үнэ байлаа. Харин зэсийн гурван сарын гэрээт үнэ 5,005 ам.долларт хүрч хаагджээ.
Зэсийн үнэ ийнхүү буурч буй нь аж үйлдвэрийн энэхүү гол металын эрэлт хэрэгцээ Хятад улсад буурч болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаатай холбоотой юм. Тус улс нь дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.
Хятадын гадаад худалдаа оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 7%-иар буураад байгаагийн зэрэгцээ тус улсын гол гол хувьцааны үзүүлэлт буурсаар байгаа нь голлох хүчин зүйл болж байна. Хятадын эдийн засгийг сайжруулах олон алхмыг тус улс авч хэрэгжүүлж буй ч дорвитой нөлөө үзүүлэхгүй болов уу хэмээн олонх шинжээч таамаглаж буй.
Зэсийн үнэ цаашдаа өсөх магадлал бий эсэх нь тун эргэлзээтэй болж байна. Учир нь Хятадын нүсэр том эдийн засгийн өсөлтийн сааралт улам бүр илүү мэдэгдэхүйц болж буйн нөлөө нь тэр хэрээрээ огцом савлагааг зах зээлд үүсгэж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!