The Majesty presents болон Богд хааны ордон музей хамтран 2015 оны наймдугаар сарын 22-ны Бямба гаригийн 17 цагаас “Night at Bogd Khan’s Palace” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний гол зорилго нь орчин үеийн хөгжмөөр дамжуулан өөрийн орны залуус, гадаадын иргэд, жуулчидад Монгол улсын түүхэн дурсгалт газрыг сурталчилан таниулах юм.
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн эзэн хааны өөрийн амьдарч байсан мөн тусгаар тогтнолын гэрч болсон түүхэн газар юм. Өдгөө энэхүү цогцолбор газарт Буддын урлахуйн ухааны гайхалтай бүтээлүүд, хаан, хатны эдлэж хэрэглэж байсан хувцас, эдлэл хэрэгсэлүүд тэргүүтэй олон дурсгалт үзмэрүүд хадгалагдаж, олны хүртээл болсоор байна.
“Night at Bogd Khan’s Palace” electro хөгжмийн арга хэмжээнд Dj.Henza, Dj.BTR /Лондонгоос/, Dj. Билгүүдэй /Бээжингээс/, ММP Dj.TMK нар оролцож өөрийн сетүүдээрээ үзэгчдийн сонорыг мялаахаар уригдаад байгаа ажээ. Мөн дуучин А.Хишигдалай продюьсер Тэмүүлэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээ хүргэнэ.
Нэмж сонирхуулахад Цамын бүжиг ч арга хэмжээний хөтөлбөрт багтаад байгаа юм. Хөгжим тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг Total music, арга хэмжээнд ирсэн зочдын хоол зуушийг тогооч Г.Тэнгис, үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган харуул хамгаалалтын “Зевс секьюрити” компани хамтран ажиллаж байна.
Тус үйл ажиллагаа нь дэлхийн хөгжингүй орнуудын орчин цагийн музейнүүдэд олон нийт рүү чиглэсэн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагддаг жишгийг нэвтрүүлж буйн илрэл болж байна. Night at Bogd Khan’s Palace арга хэмжээ нь Богд хааны ордны Амгалан Энхийн хаалганы өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд болох гэж буйгаараа онцлогтой.
Дашрамд дурдахад Амгалан Энхийн хаалга нь 108 өөр төрлийн оньстой, нэг ч хадаас ороогүй баригдсан уран барилгын онцгой гайхам шийдэлтэйгээр үл барам Монгол улсын тусгаар тогтнолын хаалга хэмээн нэрлэж ч болох хаалга юм. Учир нь Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлчээр ялалтаар төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг хаалгыг бариулсан юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!