Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний хүүхэд сугалаанд азгүй байлаа гээд цэцэрлэггүй үлдэж чадахгүй"

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 19
iKon.MN

Баянзүрх дүүргийн  эцэг эхчүүдийн төлөөлөл цэцэрлэгийн бүртгэл явуулж буй хэлбэрийг эсэргүүцэн Баянзүрх дүүргийн тамгын газрын байранд цугларч, эсэргүүцлээ илэрхийллээ. 

БЗД-ийн харьяанд улсын 35 цэцэрлэг байдаг. Тус цэцэрлэгүүдийн эрхлэгч нар дүүргийн боловсролын хэлтэстэйгээ зөвлөлдөөд бүртгэлийн тогтолцоогоо шинэчилж, харьяаллын бүх хүүхдүүддээ тасалбар тараан, тухайн тасалбараа сугалаа болгон ашиглаж, шинээр бүртгэх хүүхдүүдээ тус сугалаагаараа тодруулахаар болжээ.

Уг  бүртгэлийн аргыг эсэргүүцсэн тус дүүргийн харьяа 12  цэцэрлэгийн эцэг эхчүүдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эцэг, эхчүүдийн байр суурь: Миний хүүхэд сугалаанд азгүй байлаа гээд цэцэрлэггүй үлдэж чадахгүй

 

Хүүхдүүдийн хүмүүжих, сурч боловсрох эрхийг сугалааны, бингоны  аргаар шийдэх гэж байгааг эсэргүүцэж байна. Эцэг, эхчүүд бидний хувьд эхлээд цэцэрлэгийн эрхлэгч нартаа хандсан. Тэр үед “Дээрээс ирсэн санал зөвлөмжөө дэмжинэ” гэсэн. Харин дүүргийн боловсролын хэлтсийнхэн болохоор “Цэцэрлэгийн эрхлэгчидтэй зөвлөлдөж энэ талаар зөвлөмж гаргасан.  Эрхлэгч нартайгаа зөвлөлд” гэсэн тайлбарыг өгч байна. 

Тасалбараараа сугалаанд оролцоод хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол яах юм бэ?

Бид ажилгүй, хийх юм аа олж явсан, завтай болохоороо цэцэрлэгийн гадаа дугаарлаж,хонон өнжин байж хүүхдээ бүртгүүлдэг биш шүү дээ. Үнэхээр баталгаатай хүүхдээ цэцэрлэгт өгөх шаардлагатай учраас ажлаасаа чөлөө аваад, ах дүү хамаатнаа гуйж байгаад дугаарлаж байна. Тасалбараараа сугалаанд оролцоод хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол яах юм бэ? 

Тиймээс тасалбараа сугалаа болгон ашиглах энэ бүртгэлийг эсэргүүцэж байна. Энэ жил миний хүүхэд сугалаанд азгүй байлаа гээд цэцэрлэггүй үлдэж чадахгүй.

Эрхлэгч нарын байр суурь: Ямар ч аргаар бүртгэсэн цэцэрлэг хүчин чадалдаа тааруулаад 20 бол 20, 30 бол 30-н хүүхдээ л авна

 

Өнгөрсөн жил Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд тасалбар тарааж хүүхдээ бүртгэсэн. Энэ нь дэвшилттэй эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонож өнжихгүй, чирэгдэл багатай гэж үзсэн учраас бидний зүгээс ингэж бүртгэвэл ямар эерэг болон сөрөг үр дагаврууд гарах вэ гэдгийн ярилцсаны үндсэн дээр шийдсэн юм.

Энд ирж эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүс бол  цэцэрлэгийн гадаа дугаарлаад эхэлчихсэн байгаа хүмүүс. Бидний зүгээс бүртгэл 24-нөөс эхэлнэ гэдгийг аль энэ сарын эхнээс л хэлж, дугаарлаж , цэцэрлэгийн гадаа хонохгүй байхыг хэлсээр ирсэн. 

Ямар ч аргаар бүртгэсэн цэцэрлэг хүчин чадалдаа тааруулаад 20 бол 20, 30 бол 30-н хүүхдээ л авна. Цэцэрлэгийн гадаа гурав хонолоо гээд тэр бүх эцэг эхчүүдийн хүүхдийг авч чадахгүй.

Энэ жил тасалбар тарааснаар цэцэрлэгүүд цэцэрлэгийн насны хүүхдийн баталгаатай тоотой болно. Дараа дараагийн жилүүдэд орхигдсон хүүхдүүдээ элсүүлээд явна гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. 

Эцэг эхчүүд болон эрхлэгч нарын хооронд хүчтэй маргаан өрнөж, замбараагүй байдал үүссэн учир Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр асуудлыг цэцэрлэг тус бүр өөрсдөө шийдэх заавар өгч, эрхлэгч нар харьяа эцэг эхчүүдтэйгээ ярилцан, хэрхэн бүртгэхээ шийдэхээр боллоо.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/