Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний Зориг Ногоон Нам ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Парламентад хоёр суудал бүхий ИЗНН-аас Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлж, өнөөдөр намын байрандаа хэвлэлийн бага хурал хийлээ.

Наймдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр тус намын удирдлагууд хуралдаж ийм шийдвэрт хүрчээ. Тэдний зүгээс тус хоригийг дэмжих болсон нь дөрвөн шалтгаантай хэмээн тайлбарлав.

ДАРААГИЙН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬД МУУ ЖИШИГ БОЛОХУЙЦ ХУУЛЬ БОЛСОН

Нэгд, ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авилгын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийн хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж;

Хоёрт, 2015 оны Өршөөл үзүүлэх хууль нь шударга ёсыг хүсэгч нийгмийн бухимдлыг үл тоон төрийн мөнгийг хувьдаа зувчуулан ашигласан, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хувь хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлэн хаацайлснаараа Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулж, дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болохуйц хууль болсныг эсэргүүцэж;

Гуравт, Монголын хууль батлагчид Үндсэн хууль, нэгдэн орсон Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэхдээ хүлээн зөвшөөрсөн “...авилгаар эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эрх ашиг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж... тохиролцов” хэмээсэн үндсэн зорилгоосоо ухарч, авилгын гэмт хэргийг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үзэн эдийн засаг болоод нийгмийн хүрээнд хор хохирол учруулахуйц гэмт хэргийг хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гэсэн амлалтаа умартаж буйг буруушааж, олон улсын өмнө хүлээсэн гэрээ. хэлэцээртээ үнэнч байхыг шаардаж,

Дөрөвт, Манай намын санаачлан батлуулсан Авлигын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мердөн байцаалт явуулах, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн" хэмээн заасныг хууль тогтоогчид, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнүүд илт зөрчин тус байгууллагын үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагаа явуулж буйг илт эсэргүүцэж байна гэсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ХОРИГИЙГ УИХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ

 

ИЗНН-ын удирдлагууд намын шийдвэрээ танилцуулсны дараа УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

ИЗНН-ын УЗ-ийн гишүүн, Нарийн бичгийн дарга Ч.Базар энэ талаар...

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаярын хэлснээр бол УИХ МУ-ын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр сууриал илэрхийлсэн.

Манай нам ч гэсэн энэ чуулганыг нээлттэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн хэн нь авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг харуулах учраас нээлттэй хуралдах нь зүйтэй” гэсэн юм.

Мөн тус намын зүгээс цаашид Авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг АТГ болон холбогдох хууль , шүүхийн байгууллагууд өөрийн хараат бус эрх мэдлийн хүрээнд мөрдөн шалгаж, шүүн тогтоож байх нь ардчилсан засаглалын хөгжил, бэхжилтэнд тустай бөгөөд энэ чиглэлийн эрх зүйн орчинг илүү төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.