Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

320 сая төгрөгийн өртөгтэй 20 ширхэг ТАМХИНЫ КАБИН түгжээтэй хэвээр...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 19
iKon.MN
 

Тамхины эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар Улаанбаатар хотын хүн их цугладаг бүсэд тамхи татах цэг байгуулахаар болсон билээ. Хуулийн хэрэгжилтийг хангаж тамхи татах цэгүүдийг байрлуулсан боловч одоогоор иргэд ашиглаж чадахгүй байна. 

Тиймээс энэ талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважаваас тодруулсан юм.


-Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн тамхины цэг ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа вэ?

-Манай Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар бол нийслэлийн төсөв, улсын төсвөөр батлагдаж Нийслэлийн Засаг Дарга руу эрх нь шилжиж ирсэн ажлуудын захирамжийн хэрэгжилтийг биелүүлдэг газар.

Тамхи татах цэгийн хувьд нийслэлээс 320 сая төгрөг батлагдаж, 20 ширхэг кабины байршлыг нь заасан зөвлөмж Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газраас ирээд, бид зөвлөмжийнх нь дагуу заасан байрлалд нь норм стандартыг хангасан кабиныг төсвийнх нь дагуу бариад хүлээлгэн өгсөн.

-Одоогоор тамхины цэгүүдийн хаалга түгжээтэй байна. Ажиллах цагийн хуваарь гэж бий юу, хэзээнээс хүмүүс дотор нь орж тамхи татаж болох вэ?

-Нээх хаах, ашиглах, ашиглахгүй байх нь бидний асуудал биш. Тухайн үед “Улаанбаатар нэгтгэл” нэгтгэл ОНӨААТҮГ гэдэг байгууллага бүрэн хариуцаж ажиллана гэсэн албан бичиг нь ирсэн байдаг. Түүнийх нь дагуу бид “Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгээд өгчихсөн. Одоо бол манай ажлаас хасагдаад, бидний хийх ажил зуун хувь дууссан байгаа.

-Тамхи татах цэгүүд технологийн хувьд ямар онцлогтой вэ. Агаар шүүгч, зурагт зэрэг байгаа гэсэн?

-Тамхи татах цэгүүд нь байгалийн гэрлээр гэрэлтүүлдэг буюу нарны зайн гэрэлтүүлэгтэй. Мөн нарныхаа зайнаас тог аваад ажиллах мэдээллийн самбартай. Өөрөөр хэлбэл жижиг дэлгэцтэй. Тэр дэлгэцээр сурталчилгаа, тамхины эсрэг мэдээлэл, холбогдох байгууллагуудын мэдээлэл зэрэг гарах юм. Мөн таазан дээрээ хоёр ширхэг агаар шүүгчтэй.

 

Хүмүүс нэг цэгтээ төвлөрөөд тамхиа татах бөгөөд гудамжинд тамхи татаад, хог хаяад байхгүй болгох зорилготой байгууламж юм. Ялангуяа олон хүн их цугладаг хороо, дүүрэг, нисэх буудал, автобусны буудлын ойролцоо байршыг нь сонгоод тавьсан.

-Багтаамж нь хэр вэ?

-Багтаамжийн хувьд нэг их олуулаа тамхи татаад байх боломжгүй. Энэ кабины өөрийнх нь хэмжээ 3x5 метр. Ийм хэмжээтэй газар ойролцоогоор 5-7 хүн зэрэг ороод тамхи татах боломжтой.

-Тэгэхээр хэзээнээс эхэлж ашиглах, нээх хаах цагийн хуваарь, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой асуудал нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ынх гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Ашиглаж байгаа байгууллага хэзээ хаах, хэзээ онгойх, яаж цэвэрлэх, цэвэрлэгчээ яаж цалинжуулах вэ, арчлалт хамгаалалтаа яаж зохион байгуулах вэ гэдэг нь “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын асуудал.

 

Ашиглалттай холбоотой асуудлаар “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас асууж тодруулах гэсэн боловч тэдний зүгээс “Одоохондоо энэ тал дээр нарийн шийдвэр гараагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Ямартай ч зураг төсөл, барилгынхаа хувьд бүрэн дууссан тамхи татах цэгүүд бэлэн болсон хэдий ч хаалга нь түгжээтэй хэвээр байна.