Монголын Төмөр Замын нэгдсэн холбоо, МТЗ-ын барилгачдын холбооноос хамтран мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгалаа.
“Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажил энэ оны хоёрдугаар сараас хойш тус ажлын ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компанийн шийдвэрээр бүрэн зогсоогоод байгаа ажээ.
МТЗ-ын барилгачдын холбооны гүйцэтгэх захирал С.Билгүүн “Газар шорооны ажлын дотоодын 13 компани гардан гүйцэтгэж байгаа. Уг 13 компани 1200 гаруй ажилтантай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон бөгөөд нийт газар шорооны ажлын 86 хувь хийгдсэн гэсэн мэдээ байгаа.
Эдгээр компаниуд нийтдээ 73 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлаа гүйцэтгэж дуусгасан хэдий ч Samsung C&T компаниас 60 орчим сая ам.долларыг өнгөрөгч оны сүүлч гэхэд шилжүүлээд байсан. Ингээд энэ он гарч хоёрдугаар сард ажлаа эхлэх гэж байтал хоёрдугаар сарын 6-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компаниас ажлаа зогсоо гэсэн мэдэгдэл ирсэн.
Ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компанийн зүгээс “МТЗ” ТӨХК-иас орж ирэх санхүүжилт зогссон учраас туслан гүйцэтгэгчдийн ажлыг зогсоож байна гэсэн тайлбарыг өгсөн” хэмээн ярилаа.
“МТЗ” ТӨХК-ийн зүгээс одоогийн байдлаар Samsung C&T компанид 212 сая ам.долларыг шилжүүлээд байгаа бөгөөд санхүүжилтгүй болсон учир гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчид мөнгө шилжүүлэх боломжгүй болоод байгаа талаар Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо хэлж байгаа юм.
Тэрбээр “Samsung C&T компанийн 212 сая ам.долларыг авсан хэдий ч туслан гүйцэтгэгчдийн ажлын хөлсийг гүйцэд өгөөгүйгээс шалтгаалан зарим туслан гүйцэтгэгч компани дампуурлаа зарлахад хүрээд байна. Тиймээс зохих төлбөрийг туслан гүйцэтгэгчид шилжүүлэх хэрэгтэй байна.
Бид өнөөдөр үндэсний компаниудаа төлөөлөн мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа.
Эрхэм түшээд та бүхэн уг төслийг цааш нь явуулах уу , эсвэл зогсоох уу? гэдгээ шуурхай шийдэх хэрэгтэй байна.
Төмөр зам тавих гээд байгаа юм уу, үгүй юм уу? гэдгээ шийдээд өгөөч” хэмээн хүслээ.
МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж буй мэдэгдэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!