Төсвийн байнгын хорооны хуралдаан /52.6 хувийн ирцтэй/ Төрийн ордны “Б” танхимд эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг /Засгийн Газрын 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж дууслаа.
Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг хуулийг хасах саналыг холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулан тусгаж, төслийг шинэчлэн боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар хууль санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан.
Гишүүдийн асуулт, тодруулгын дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Дорлигжав "Гишүүд хуулиа унших хэрэгтэй. Ойлгохгүй бол лавлаж асуух хэрэгтэй.Авлигын эсрэг хуулиар иргэн хүнийг шийтгэдэггүй юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!