Өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, уран гулгалтын тамирчин Татьяна Навка нарын хурим Сочи хотод боллоо. Rodina Grand Hotel & SPA цогцолборт болсон хуриманд Оросын нэртэй цуутай хүмүүс цугласан байна.
Түшмэл, уран гулгагч хоёрын харилцаа нэлээд эртнээс эхэлсэн. 2014 оны наймдугаар сард Навка Песковын охиныг төрүүлж удалгүй тэд олны өмнө хамт үзэгдэх болжээ. Навкагийн хувьд энэ нь хоёрдахь гэрлэлт бол Песковын хувьд гурав дахь нь юм.
Хуримын үеэр улс төрч Олег Митволийн Инстаграм хуудсандаа нийтэлсэн зураг тэр дороо олон нийтийн сүлжээгээр тарж дуулиан тарьжээ. Учир нь зурган дээр Песков бугуйндаа маш үнэтэй цаг зүүсэн байгаа нь харагдаж байгаа юм.
Авлигалтай тэмцэх сангийн үүсгэн байгуулагч Алексей Навальныйн тодорхойлсноор энэ цаг нь Richard Mille RM 52-01 загвар бөгөөд үнэ нь 620 мянган ам.доллар орчим (37 сая орчим рубль). Яг энэ загвар нь зөвхөн 30 ширхэг үйлдвэрлэгдсэн байдаг ажээ.
Путины хэвлэлийн төлөөлөгчийн албан ёсны хөрөнгө орлогын тайланд Песков 2014 онд 9.1 сая рублийн орлого олсон бөгөөд 2012-2013 онуудад 25.3 сая орчмыг олдог байжээ.
Дуулианы мөрөөр өгсөн тодруулгууд ч зөрүүтэй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. “Московский комсомолец” сонинд Митволь ярихдаа үүнийг наргиа байсан, Песков зориуд сэтгүүлчдийн анхаарлыг татах гэж зочдын нэгнийх нь цагийг гуйж зүүсэн байсан хэмээн өчжээ.
Тэгвэл Навка “КП” сонинд ярихдаа уг цагийг нөхөртөө зориулан худалдаж авсан, бусдын ярьж байгаа шиг тийм их үнэтэй цаг биш гэсэн байна.
Тэр “Би олимпын аварга хүн. Их хөдөлмөрлөсөн. Тиймээс сайн бэлэг өгөхийг бодолгүй яахав. Тэгээд энэ цагийг худалдан авч бэлэглэсэн юм. Тийм их үнэтэй эд биш” хэмээн ярьжээ.
Навальный болон түүний сан хуримын дараа түшмэлийг олсон орлогоо нийтэд тайлагнахыг шаардах гэнэ.
Эх сурвалж: Состав.Ру
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!