Өнгөрсөн Ням гарагт Хонг конгийн гудамжинд хөхний даруулга зүүсэн хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Шалтгаан нь нэгэн сонирхолтой хэрэгт ял тулгасан явдал байв. Өнгөрсөн гуравдугаар сарын нэгэнд Хонг конгт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар зохицуулалт хийж байхад 30 настай Лай инг хэмээх бүсгүйн хөхөнд цагдаагийн офицер Чан Ка по хүрсэн гэнэ. Бүсгүй энэ явдлыг санаатай гэж үзэн цагдааг шүүхэд өгчээ.
Гэтэл шүүхээс эсрэгээрээ бүсгүйг “эмэгтэй хүний онцлогоо ашиглан өөрийн үйлдлийг зөвтгөх гэж оролдсон” гэж үзээд буруутгасан байна.
Өөрөөр хэлбэл долоодугаар сарын 16-нд түүнийг “хөхөөрөө цагдаагийн офицерт халдсан” үндэслэлээр гурван сар, 15 хоног хорих ял оноожээ.
Энэ явдлыг эсэргүүцсэн Хонг конг бүсгүйчүүд онлайн сүлжээгээр “өөрийн зэвсгийнхээ” фото зургийг хуваалцах хөдөлгөөн өрнүүлэв.
Сүүлдээ энэ тэмцэл нь гудамжинд гарч Ван чай дүүргийн цагдаагийн газрын гадаа 100 гаруй хүн цугларч энэхүү “хөхний даруулгатай” жагсаалыг хийжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зарим нь хөхний даруулга зүүн, зарим нь гартаа барьж “хөх бол зэвсэг биш” хэмээн дуу нийлүүлэн хашгирч байлаа.
Жагсагчид “энэ бол эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралаас холдуулах гэсэн оролдлого, ингэснээрээ бид дэлхий нийтэд ямар шившигтэй шүүлт болсныг мэдээлж байна” хэмээн AFP агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Shanghaiist
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!