Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тархины гэмтэл Орос орныг Наполеоноос аварчээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ихэнх Оросууд Михайл Кутузовыг үндэсний баатар, 1812 оны Наполеоны довтолгооноос Оросыг аврагч гэж үздэг.

Гэвч энэ бүхэн өөрөөр эргэж болох байсныг нэгэн Франц эмч шийдсэн байж магадгүй гэнэ.

Аризонагийн Финикс хотын Барроу Мэдрэлийн Хүрээлэнгийн судлаач нар ийм дүгнэлт гаргасан байна.

Хоёр жил орчим үргэлжилсэн судалгааны дүнд Америкийн эрдэмтэд түүхийг эргүүлсэн хүн нь үнэндээ Оросын армийн франц эмч Жан Массот гэж үзжээ.

Түүхийн баримтаас үзвэл Наполеоны довтолгоо эхлэхээс жил гаруйн өмнө Кутузовын сумны хоёр шархыг эмчлэхийн тулд туршлагатай мэс засалч Массотыг Оросууд хөлсөлж авчээ.

Судалгааны багийн ахлагч Доктор Марк Преул “энэ бол анагаах ухаан хүн төрөлхтний хувь заяаг хэрхэн өөрчилсөн тухай түүх юм” гэлээ.

Кутузов нь 1774, 1788 онуудад Турктэй хийсэн дайнд толгойдоо хоёр удаа шарх авсан байна.

Массотын баримтууд устаж үгүй болсон ч тэр мэс заслын мастер байсан. Тэр өнөөдөр ч ашиглаж байгаа арга техникийг тэр үед ашиглаж байжээ.

Мэс заслын дараа Массот “Кутузовт ямар нэг том үйл хийх хувь заяа тохиосон нь тодорхой. Анагаахын шинжлэх ухааны бүх онолоор ийм шарх авсан хүн амьд үлдэх боломжгүй” гэж бичиж байсан байна.

Судлаачдын дүгнэлтээр Кутузовын шарх нь түүнийг солиотой мэт эрс тэс шийдвэр гаргадаг болгосон гэнэ.

1812 оны намар Кутузов Бородиногийн тулааны дараа армиа ухрааж Москвагийн зүүн хэсэгт байрласан байна.

Энэ үед Францын арми Москваг эзлэн хотыг шатаажээ. Гэвч удалгүй Оросын хүйтэн өвөл эхэлж, хоол хүнс, хангамжаар гачигдсан Наполеоны арми руу Оросын цэрэг уулгалан довтолж эхлэв.

Байдал хүндэрсэн тул Наполеон 12 дугаар сард армиа орхиод Парис руу буцсан байна.

Доктор Преул ”Бусад генералууд Кутузовыг галзуу гэж боддог байж. Тэр нь ч үнэн байлаа” гээд “тархины мэс засал Кутузовын амийг аварсан ч түүний тархи, нүд нь гэмтэлтэй үлдсэн юм. Гэвч үүний үр дүнд тэр хамгийн зөв шийдвэр гаргаж түүхийг эргүүлж чадсан байна” гэжээ.

Судалгааны тайлан The U.S. Journal of Neurosurgery сэтгүүлд хэвлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe/ Radio Liberty