Монгол бөх долоон мянган жилийн түүхтэй. Дундговийн Өлзийт сумын Дэл хөнжлийн уулаас олдсон түүхийн дурсгал ингэж гэрчилдэг. Харин бөхийн эрэмбэ цол нь 1600 жилийн түүхтэй гэж бөх судлаач, эрдэмтэд судалжээ. Цолны чимэг нь XVIII зууны үеэс эхэлсэн гэж байгаа.
За тэгээд, бөхийн зодог шуудаг, гараа дэвээ шаваа... бүгд цаанаа учир утгатай.
Аль ч талаараа Монголын түүхийг хадгалсан, даган дуурайх монгол эр хүний сонгодог загвар болсоор ирсэн үндэсний спорт.
Монгол бөхтэй өдий жил салшгүй явж, өнөөг хүртэл бараг л цорын ганц илэрхийлэл нь болж ирсэн шинж бол бөхийн жудаг ёс байдаг. Монгол бөхийн жудаг гэдэг зан чанар, төлөв байдлын дээд л гэсэн үг.
Бөх хүн гэдэг зүгээр л нэг сайхан бие, чадал бяр, уран сайхан мэхнээс бүрддэггүй. Тэр жудаг гээч зүйл нь бөхийг авч явдаг. Хэдэн мянган жилийн турш монголчуудыг бөхийн барилдаанаа шимтэн үзэгч байлгасаар ирсэн байх юм. Одоо ид барилдаж, бас шавь бэлдэж буй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй байна. Түүнийг бөх сонирхогчид энэ цаг үеийн жудагтай сайхан бөхөөр шулуухан нэрлэдэг.
Т.Өсөх-Ирээдүй харцага туйлын даруухан нэгэн. Мэдрэмжтэй, даацтай мэхтэй сайн бөх. Хамгийн гол нь унасан ч, давсан ч учраа бөхдөө хүндэтгэлтэй, жудагтай ханддаг.
Бөх хүн гэдэг зүгээр л нэг сайхан бие, чадал бяр, уран сайхан мэхнээс бүрддэггүй.
Тэрээр өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөртэй бөхийн барилдаанд үзүүрлэсэн. Залуу аварга С.Мөнхбаттай үзүүр, түрүү булаалдсан.
Засуул “Чи давчихсан” гэхэд нь аваргатай хамт дэвсэн талаараа “Би унасан. Засуул дохихоор нь дэвээд жаахан түргэдчихлээ” гэсэн. Тэр барилдаанаас сарын өмнө заалны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайханд хүчтэй шидүүлж уначихаад “...Арай л хатуу уналаа. Барцад арилсан байх аа” гээд хэнэггүйхэн ярьж зогссон.
Бас том П.Сүхбат агсан байна. Түүнийг бөх сонирхогчид сайн мэднэ. Жудаг гээч Том гарьдаас л ханхалдаг байв.
Сайхан барилдаан сайхаан. Сайхан барилдаанаас сэтгэлийн таашаал авна. Унавал цуг унана, давбал дагаж давна. Нутгийн бөх нь түрүүлбэл байгаагаа бариад л гүйнэ. Тэгтэл нь цэнгүүлдэг эд шүү дээ, бөх гэдэг чинь.
Жилдээ ганц болдог улсын баяр наадмаар ганц байгаа цэнгэлдэхдээ чихэлдэж очоод л суудаг. Наадмын нээлт үзнэ. Хамгийн гол нь бөхөө харна даа. Аль нутгийн ямар бөх яаж барилдах нь вэ гээд л. Гэвч тэрхүү наадам маань сүүлийн жилүүдэд бөхийн торгон ногоон дэвжээ биш боксын ринг, эсвэл нохой зодооны талбар болчихсон мэт...
Хамгийн дуулиантай зодоон 2001 оны наадмаар болж байв. Арслан А.Сүхбат заан Г.Өсөхбаярыг давчихаад “бөлдөгдүүлсэн”-ийг манайхан сайн санаж байгаа. Одоо болохоор “Сүхбат намайг буугаад өгчих. Би аварга болъё. Дараа нь гурван удаа бууж өгье. Дүүг чинь ч заан болгоё” гэсэн хэмээн дархан аварга Г.Өсөхбаяр ярьж сууна. Харин А.Сүхбат нь “Тэр бол танхайн хэрэг байсан” гэв.
2011 оны наадмын зургаагийн даваанд харцага Л.Пүрэвжав тэр үед аймгийн арслан байсан Б.Пүрэвсайханд барьц сонгуулалгүй “займчиж” байгаад давсан гэдэг. Үүний хариуд Б.Пүрэвсайхан уначихаад харцагын гэдэс рүү хүчтэй өшиглөж бөөн юм болж байв. Мань Б.Пүрэвсайхан энэ жил Увсын 90 жилийн ойд зодоглоод нутгийн бөх, улсын арслан Н.Батсуурьт бараг л зодуулчихаад ирснийг бөх сонирхогчид харсан.
Г.Эрхэмбаяр аварга болдог жилээ тавын даваанд заан Б.Соронзонболдыг амлаж давсан. Б.Соронзонболд “доогуур” даваанд амлуулсандаа шаралхаж Г.Эрхэмбаяр арслангийн нүүрэн дундуур гөвж л харагдсан.
Өнгөрсөн жилийн наадмаар гурвын даваанд аймгийн арсланд өвдөг шороодсон улсын начин Б.Сугаржаргал харцага Д.Сэрээтэр гуайд “ухамсар”-ын шанаа өгсөн. Тэр үедээ уур унтуу нь хүрч барьж дийлээгүйгээ Б.Сугаржаргал дараа нь хэлсэн байна лээ. Гэхдээ олимп, дэлхийн хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэр гэдэг чинь өнөөдөр Б.Сугаржаргал шиг хүүд шанаадуулаад зогсож байх хүн мөн үү? Тэр тусмаа нэгэн цагт энэ дэвжээг өөрөө талхалж, олон сайхан аавын хүүтэй унаж босож барилдаж явсан харцага цолтон. Үе үеийн дориухан бөхчүүдийг өнөөх гөрмөл сураараа хүмүүжүүлэн бэлтгэж ирсэн Д.Сэрээтэр багш шүү дээ.
Ийм дээрээ л тулсан байна. Үүнээс гадна уначихаад тахимаа өгөхгүй байх, маргалдах, шүргэлцэх бол одоо “асуудал биш” болоод байгаа.
Наадмын дэвжээн дээр ингэж зодолдож, ноцолдох нь “хор шарны учраас...” гэсэн ядмагхан тайлбартай хэдэн жил явж ирлээ. Энэ хэвээр үргэлжлэх аваас монгол хүү хэнийг дуурайж эр хүн болох, монголчуудыг юу үзэхээр наадна гэж?
Уг нь монгол бөхийн сайхан жудаг ам дамжин яригдсаар эдүгээд ирсэн л байх. Дархан аварга Ж.Мөнхбатыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний дараа дархан аварга Д.Дамдин маань уулзаад “Баатрын тэмдгийг чинь мялаах юм алга. Харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгье. Би барилдахгүй өнжинө. Чи зүүнээс босч барилдаарай” гэжээ. Энэ мэтчилэн жудаг харуулсан сайхан бөхчүүд үеийн үед байсаар иржээ. Тэдний үлгэрийг өнөөгийнхөнд яаж үлгэрлүүлнэ гэдэг хэцүүхэн асуудал болж хувираад байна.
Дархан аварга Ж.Мөнхбат: БӨХЧҮҮД БИД АРД ТҮМНИЙХЭЭ ДЭМ, ХҮЧЭЭР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВАА
-Зөвхөн тэр барилдаанд давна гэж бодохоосоо илүү монгол бөхийн ёс жаяг, монгол хүний жудаг, монгол наадмын ёс журмыг дээдлэн хүндлэх ёстой гэж ахмадууд маань бидэнд сургадаг байсан.
Муу муухай үйл зүйлийг тойрч түүнээс цээрлэж сурах хэрэгтэй.
Монгол бөхийнхөө ёс жудгийг гээж, хийморио гундаахгүйг хичээж эрхэмлэж явахыг захиж зөвлөх байна.
Ахмад бөхчүүдийнхээ нийтэч, тусч чанарыг өвлөж ядарч зүдэрсэн, өвдөж зовсон хэн нэгнийхээ төлөө санаа тавьдаг байх их чухал.
Бөхчүүд бид ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, тэднийхээ тус дэм, хүчээр өдий зэрэгтэй яваа. Олны буян оломгүй далай гэдэг. Алдрын оргилд хүрэх хэцүү ч, түүнийг дааж явах нь бүр ч хэцүү гэдэг. Монгол бөхийнхөө ёс жудгийг гээж, хийморио гундаахгүйг хичээж эрхэмлэж явахыг захиж зөвлөх байна.
Улсын арслан Ц.Бадамсэрээжид: ДАРУУХАН, ТӨВ САЙХАН ЯВАХ УЧИРТАЙ
-Бөх хүн хамгийн их сэтгэл зөөлөнтэй, дор хаяхад унагасан бөхөө татаад босгочихдог, элдэв шалдав худал яриа ярихгүй, хуурамч явдал гаргадаггүй, их даруу, бяртай байсан ч, хүнд дийлддэггүй байсан ч дийлддэг юм шиг дүр маягтай явбал олон түмэн их үнэлнэ. Онгироо биш, даруухан, төв сайхан явах учиртай. Ийм бөхийг жудагтай бөх гэдэг.
Монгол бөхийн гараа дэвээг сайхан хийх, тахим авч өгөх ёсыг хүндэтгэлтэй үйлдэх, уначихаад босч ирэн зэрэг дэвэхгүй байх, мөрний барьцыг цавчиж халахгүй байх, бие биеэ хайрлах, ахмад цолтноо хүндэтгэх, бөхийн боорцог авах, ард олонд боорцог амсуулах зэрэг бөхийн бусад ёс журмыг хэний ч шахалт шаардлагагүйгээр сэтгэлээсээ сайхан биелүүлж, ард түмнийхээ сэтгэлд нийцэж яваа бөхийг жудагтай бөх гэнэ дээ.
Улсын арслан Л.Сосорбарам: ОДОО ЧОЙЖОО ШИГ ХҮН ОЛДОХОО БОЛЬЖ ДЭЭ
-Манай бөхчүүд Ж.Чойжилсүрэнг Чойжоо хэмээн авгайлж, маш их хүндэтгэдэг байлаа шүү дээ. Хүндлэхээс ч яахав. Чойжоо маань улсын арслан цолтой, нэртэй том бөх гэхэд ер аархуу ойворгон зангүй маш тайван дөлгөөн зантай, хэзээ ч хэнтэй ч нэг л зангаараа байдаг эгэл даруухан, үг дуу цөөнтэй, хүний мөс жудаг сайтай, хүнлэг сайхан сэтгэлтэй хүнсэн. Тиймдээ ч хүн бүхний хайрыг булааж, хүндлүүлж байсан хэрэг. Одоо Чойжоо шиг эгэл даруухан, хүний хайлан болсон хүн олдохоо больж дээ.
Ардын уран зохиолч Бөхийн Бааст: ХАТУУХАН ХЭЛБЭЛ ШИВШИГ Л ЮМ ДАА
-Хадаа аварга насан туршдаа л ганцхан тэр хүүхэд зангаараа амьдарсан. Түүний амьдралд хамгийн харш зүйл бол хүний өөдөөс эвгүй харах, үгүй гэж хэлэх хоёр л гол нь байсан болов уу. Юм л бол “за- а!” гэж байдаг ийм зөөлөн чихтэй бөх манайд хэд байсан болоо. Манай одоогийн бөхчүүдийг харж байхад зан суртхууныхаа хувьд сүрхий эвдэрч, Монгол бөхийн дэг жаяг алдагдаж байгаа байдал захаас аваад л харагдаж байна.
Барилдаан бүр дээр шахам маргалдаж байна. Уначихаад тахимаа өгөхгүй явж байж сав л хийвэл хуруудах, шоо хаях, барьц солиулж барилдуулах... Энэ чинь уламжлал гэж үү. Хатуухан хэлбэл шившиг л юм даа. Барилдаж байгаа бөхчүүдийн зууралдсан барилдаанд цаг хугацаа байхгүй шахуу. ...Одоо бодоход Хадбаатар үнэхээр шударга, шулуун бас ч гэж гайхалтай дэг жаягтай бөх байж дээ.
2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд улсын арслан А.Сүхбат, улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдав. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулсан. Гэвч барилдаан ингээд дуусаагүй. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж байлаа.
2012 оны Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын зургаагийн даваанд барилдсан улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нарын барилдаан зодооноор дууссан. Б.Пүрэвсайхан унангуутаа Л.Пүрэвжавын гэдэс рүү тийрсэн.
2013 оны Улсын баяр наадмын тавын даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр улсын заан Б.Соронзонболдыг амлаж барилдав. Барилдах үед Б.Соронзонболд Г.Эрхэмбаярын нүүр рүү цохиж, зодох гэж дайрсан.
2014 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд аймгийн арслан /өнөө жил улсын начин болсон/ Г.Баасандоржид өвдөг шороодсондоо уурссан улсын начин Б.Сугаржаргал хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг шанаадсан.
2015 оны Ардын хувьсгалын 94 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын шөвгийн дөрөвт барилдсан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Пүрэвсайханыг цохиж элдэн, бараг л зодолдов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!