АНУ-ын өнгөт арьст Ерөнхийлөгч Б.Обама эцгийнхээ төрсөн нутаг Кенид албан ёсны айлчлал хийснийхээ дараа Этиоп улсад зочиллоо.
Түүний энэ удаагийн айлчлалын хөтөлбөрийн дэлхий нийтийн анхаарлыг татсан нэг онцгой үйл явдал бол Африкийн холбоон дээр Б.Обама илтгэл тавих байсан юм. Хамгийн гол нь илтгэлдээ юуг хэрхэн өгүүлэх нь хамгийн их сонирхол татаж байсан.
Тэгвэл Этиопийн нийслэл Аддис Абаба хот дахь Африкийн холбооны төв байранд тавьсан илтгэлдээ тэрбээр эрх мэдлийн хойноос улайран зүтгэж буй зарим удирдагчдыг шүүмжилж, “Авлигын хорт хавдар” хэмээн тодорхойлж, энэ мэт зүйлийг таслан зогсоохыг уриалжээ. Б.Обамагийн хувьд АНУ-ын төрийн тэргүүн гэдэг утгаараа Африкийн холбооны индэр дээр анх удаагаа илтгэл тавьж буй нь энэ юм.
Мөн зарим орнуудын удирдагчид, ялангуяа хөрөнгөтэй эрхмүүд өөрийн албан тушаалд удаан сууж байгааг Обама ихээхэн гайхаж буйгаа ч илэрхийлээд амжжээ. Түүний жишээ болгож, иш татсан улс нь Бурунди байсан гэнэ.
Тэрбээр хэлэхдээ "Тоглоомын дундуур удирдагч нь өөрийн тушаалаа хадгалан үлдэхийн тулд дүрмээ өөрчлөх гэж оролдсоноос тогтворгүй байдал үүсгэдэг болохыг бид Бурундигаас харж болно” хэмээн өгүүлсэн байна. Түүний үзэж буйгаар улстөрч өөрийгөө улс үндэстнээ нэгтгэн барих цорын ганц хүн гэж үзэж байгаа л бол жинхэнэ улсыг бүтээн байгуулж чадахгүй гэнэ. Харин Обамагийн хувьд өөрийгөө нэлээд сайн удирдагч гэж тодорхойлоод, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн бол гурав дахь удаагаа дахин сонгогдох байлаа гэжээ.
Гэхдээ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахыг тэсч ядан хүлээж байгаа гэдгээ тодорхой хэлсэн байна. “Миний дэргэд зэвсэгтэй хамгаалагч байхгүй. Би чөлөөтэй зугаалж, гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжтой болно. Улс орондоо зүтгэх өөр шинэ арга замыг хайж, Африкт дахин ирэх болно” хэмээн Б.Обама ирээдүйгээ дүрслэн өгүүлжээ.
Түүний илтгэлдээ иш татсан Бурунди улсад саяхан Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль явагдсан юм.
Люси гэх олдворыг Америкийн эртний хүн судлаач Доналд Иохансон 1974 онд Этиопоос олж байжээ.
Тус улсын Үндсэн хуулинд бүрэн эрхийн хугацаа дуусч буй Ерөнхийлөгч бүх нийтийн сонгуульд гурав дахиа нэр дэвшиж болохгүй хэмээн заасан байдаг аж. Гэвч энэ заалт Бурунди улсын одоогийн төрийн тэргүүн Пьер Нкурунзизад нөлөөлөөгүй юм. Тэрбээр өөрийн эрх мэдлээрээ далайлган энэ сарын 21-ний өдөр явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлж, 73 хувийн
саналаар дахин сонгогдон ирэх таван жилд Бурунди улсын төрийн эрхийг барихаар болсон билээ. Энэ сонгуулиар сөрөг хүчин эсэргүүцлээ илэрхийлж, бойкотлож байсан төдийгүй зарим иргэд нь сонгуульд огт оролцоогүй гэдэг. Мөн хэдэн мянган иргэд нь дотоодын мөргөлдөөн тэмцлээс дайжин, хөрш орнууд руу дүрвэсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ерөнхийлөгчийн талынхан болон сөрөг хүчний талынхны хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөр хэдэн арван хүн амиа алдаж, улс төрийн хямрал үүсээд байгаа билээ. Б.Обама хэлэхдээ “Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан удирдагчид албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй байна гэдэг Африкийн ардчиллын хөгжилд сөрөг нөлөөллийг үзүүлж байна” хэмээн хатуухан хэлэхэд уулзалт болж байсан Африкийн холбооны Нелсон Манделагийн танхимд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн зарим нь алга нижигнүүлэн ташиж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Нөгөө талаар АНУ-ын төрийн тэргүүн илтгэлийнхээ үеэр террорист бүлэглэлүүдтэй хийх тэмцэлд АНУ хамтрах болно гэжээ.
Дашрамд сонирхуулахад, Этиопод айлчлах хугацаандаа Б.Обама нийслэл Аддис Абабад Сан Франциско хот дахь Калифорнийн шинжлэх ухааны академийн төлөөлөгч Зересенай Алемсегедийн төслийг сонирхож, ойролцоогоор 3.2 сая жилийн өмнө амьдарч байсан гэх хамгийн эртний хүний ясны чулуужсан олдворт “Люси”-д хүрч үзсэн байна. Люси гэх олдворыг Америкийн эртний хүн судлаач Доналд Иохансон 1974 онд Этиопоос олж байжээ. Эмэгтэйчүүдийн нийт ясны хэмжээний ойролцоогоор 40 хувьтай дүйцэх олон зуун ширхэг ясыг олж байсан гэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!