Ирэх жил Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн хамгийн том баяр 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн 21 нь тодроод байна.
Зохион байгуулагч орон Бразил шууд оролцох эрхтэй бол үлдсэн 31 нь зургаан тивээс шалгаран оролцох юм. Өчигдөр шөнө хамгийн олон улстай Европ тивийн хэсгийн сүүлийн тоглолт болж, хэсэг тус бүрээ тэргүүлсэн баг ДАШТ-д оролцох эрхээ авав.
Ази тивээс Япон, Австрали, Иран, БНСУ, Европ тивээс Нидерланд, Итали, Герман, Швейцарь, Бельги, Босни Герцеговина, Англи, Испани, ОХУ, Өмнөд Америкаас Аргентин, Колумб, Чили, Эквадор, Төв Америк буюу Конкакафын бүсээс АНУ, Коста-Рика, Гондурас гэсэн 20 улс Бразилийг зорих тийзээ захиалаад байна.
Дээрх багуудаас Английн “Манчестер Сити” клубын довтлогч Эдин Жеко тэргүүтэй, Босни Герцеговиний хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-д өрсөлдөхөөр боллоо.
Харин Европын бүсээс хэсэгтээ хоёрдугаар байраар гарсан есөн багаас хамгийн бага оноотой Данийн шигшээ баг хасагдаж, Португал, Грек, Хорват, Украин, Франц, Швед, Румын, Исланд гэсэн найман улс хоорондоо тоглож, дөрвөн азтан Мундиалыг зорих эрхээ авна.
Дээрх найман багийн сугалаа энэ сарын 21-нд Швейцарийн Цюрих хотод болох бөгөөд эхний тоглолт арваннэгдүгээр сарын 15-нд хариу тулаан үүнээс дөрвөн хоногийн дараа болно.
Харин Өмнөд Америкийн бүсээс тавдугаар байраар гарсан дэлхийн хошой аварга Луис Суарес, Эдинсон Кавани гэсэн супер довтолгооны хослолтой Уругвай Азийн бүсээс таваар гарсан Иордантай, Төв Америкийн бүсээс дөрөвдүгээр байраар гарсан Мексик Далайн орнуудын аварга Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийж, хожсон баг нь дэлхийн аваргад оролцох эрхтэй болох юм.
“Хар тив”-ээс таван баг дэлхийн аваргад оролцох бөгөөд Кот-д'Ивуар Сенегалтай, Этиоп Нигеритэй, Тунис Камерунтай, Гана Египеттэй, Буркина-Фасо Алжиртай тус тус оноолт таараад байна. Эдгээр хосын эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд хариу тулаан ирэх сарын 16-19-нд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!