Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

БУДЛИУ БУРМАА, БУУДАЙГҮЙ ТАРИАЛАНЧИД

Ц.Болормаа
2015 оны 7 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Copyright © http://www.geourdu.co

За даа, бараг л бүх тариаланч нойргүй хонож байна. Хаваржин ажилласан хөдөлмөр нь үнэ цэнэгүй болж байгаа учраас тариаланчид амар тайван унтаж чадахгүй нь. Манай улсад өнгөрсөн тав, зургадугаар сард хэт их халснаас гадна хурмаст тэнгэр хур хайрласангүй. Ийн ган нүүрлэснээс болоод наранд наадсан алтанхан буудай минь гэж дуулах аз дутаж буй бололтой, тариаланчдад. Цаашлаад монголчууд энэ жил үнэтэй талх идэхэд хүрч болзошгүй нь.

Монгол Улс энэ жил 460 мянган тонн буудай хураахаар тооцсон байна. Гурил үйлдвэрлэгчдэд 320-330 мянган тонныг нийлүүлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзсэн аж. Уг нь манай улс өнгөрсөн хавар 359.7 мянган га-д улаан буудай тариалжээ.

Энэ сарын эхээр улсын Онцгой комиссын хуралдааны үеэр ихэнх нутгаар ган нүүрлэснээс болоод хадлан, тэжээл бэлтгэж чадахгүйд хүрч, хураахаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүссэн тухай мэдээлсэн юм.

Монгол Улс энэ жил 460 мянган тонн буудай хураахаар тооцсон байна. 

Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан ургацынхаа яг төдийг алдана гэж хэлэх эрт байгаа, ирэх сарын 15-даар тодорхой болно гэж ам таглаж байна. Өнгөрсөн саруудын үүлэрхэг өдрүүдэд л үүлэнд зориудаар нөлөөлж, хур оруулах боломжийг алдсан тухай зарим хүн халаглаж, салбарын яамныхныг буруутгаж буй. Нөгөөтэйг үүр, буудайгаа хөрсөн дор хатаахгүйн тулд усалгааны системд анхаарах нь зүйтэй байсан гэх шүүмжлэл тариаланчид руу чиглэж байна.

Хэдийгээр үүнд зардал их шаардагдах ч өмнөх жил үүдэд багахан талбайд хүртэл буудай тариалаад чамлахааргүй ашиг олсон нь бий юмсанж, уг нь. Тэгвэл бороо орох хэмжээний үүлний масс байгаагүй гэж салбарын яамныхан өөрсдийг өө өмөөрч байна. Бас усалгаатай тариалан эрхлэхэд усны төлбөр өндөр гээд тариаланчид зовлон тоочдог. Ингээд бодохоор буруутай хүн байхгүй болж таарах гээд байдаг! Хураа хайрлаагүй тэнгэрийн л буруу байж мэдэх нь.

Ган ургацад хэрхэн нөлөөлж буй талаар лавлахад тариаланчдын дийлэнх нь “Одоо бороо ороод ямар ч нэмэргүй” гэцгээж байна. Зарим нэг нь “Юутай ч 10 сар хүртэл харна даа” хэмээн горьдлого тээсэн үг унагаж байв. Ер нь газар тариалангийн дийлэнх нутгаар гантай буй бөгөөд Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Жаргалант, Борнуурт байдал арай дээр байгаа гэцгээх аж. Чингисийн талбайд буудайгаа асгаж “тоглож” байсан цаг ийнхүү өнгөрлөө. 

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Энэ жил ургацынхаа 70 хувийг алдах нь тодорхой болсон” хэмээв. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат “Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдахаар байгаа” гэж ярьжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 30 мянган тонн буудай хадгалж буй.

Хураахаар төлөвлөсөн ургацынхаа талыг аваад, дээр нь хадгалснаа нэмээд ч стратегийн гол бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангаж дийлэхгүй. Энэ талаар салбарын яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад “Ямар нэгэн арга хэмжээ авч жилийн хэрэгцээгээ хангана. Гурил, буудай импортолж болно. Гэхдээ буудай импортолно гэж хэлэхэд одоо эрт байна. Ургацын баланс тогтоолт гарч тодорхой болсны дараа яах эсэхээ шийднэ” гэлээ.

Зөвхөн Монголд биш, хоёр хөршид ч тэнгэр муухай “аашилж”, хур ороогүй тул ургацаа тодорхой хэмжээгээр алдахаа мэдэгдсэн. Тэгэхээр хойд хөрш манайд буудай нийлүүлнэ гэж хүлээх аргагүй. Экспортоллоо гэхэд тэд ямар өндөр үнэ хэлэхийг таах боломжгүй гэж салбарынхан хэлж байлаа. Энэ сарын 16-ны байдлаар ОХУ 18.7 сая тонн буудай хураасан нь өмнөх оны мөн үед дээрх тоо 22.2 сая тонн байснаас буурсан дүн гэж “Reuters” дамжуулжээ.

Гэхдээ хойд хөршийн экспортын буудайн үнэ хямдарсан тухай тэнд тэмдэглэсэн байв. Харин манай иргэдийн дунд “Гурилын үнэ нэмэгдэх нь” гэсэн цуу тарж, одооноос нөөцөлж эхэлсэн сурагтай. Өнгөрсөн онд манай улс түүхэнд байгаагүй их буюу 490 орчим мянган тонн улаан буудай хураасан. Энэ нь жилийн хэрэгцээнээс илүү ч чанараар дулимаг гэж байсан билээ. Улмаар буудай импортлохоор болж, тариаланчид салбарын сайдтайгаа муудалцаж, баахан бужигнасан. Энэ жил тус салбарынхан ургацаа алдаж улам бужигнах бололтой.

ҮРГҮЙ, ӨРТЭЙ КОМПАНИУДААС АЖИЛЧДАА ЦОМХТГОЖ ЭХЛЭХ НЬ

Зарим суманд тариаланчид ургац авахгүй нь гэж хувь тавилантайгаа эвлэрээд, талбайдаа уринш хийгээд эхэлсэн гэнэ. Ургацаа алдана гэдэг ирэх жилийн үргүй болж буй хэрэг. Энэ талаар тариалангийн компаниуд “Үргүй, дээр нь өртэй болж хоцорлоо” гэж ярьж байна. Мөн зарим нь “Гаднаас авах үр нь хэдэн арван жил дарчихсан, складны хог байх юм уу, мэдэхгүй шүү дээ” хэмээв. Гэхдээ зарим компани ирэх жил хэрэглэх буудайн үрээ авч чадна гэж горьдон хүлээж байна. Монголын үр тариа эрхлэгчдийн

“Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийнхөн хамгийн сүүлд энэ сард уулзжээ. Нэг га талбайгаас дунджаар 20 цн ургац авдаг байсан нь энэ жил тав болж буурахаар байгаа тул тэдэнд хүндээр тусаж буй гэнэ. Иймээс ч газар тариалангийн компаниуд ажилчдаа ирэх сарын 1-нээс цомхтгохоор болжээ. Б.Эрдэнэбатын хэлснээр тариаланчид бордоо, түлш, цалин гээд урсгал зардалд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэнэ. Энэ хэрээр компаниуд өрөө ч төлж чадахгүй бололтой. 

Ургацаа алдах нь гэж хэлсээр, ярьсаар байтал “Буудай импортлохыг дэмждэг Бурмаа” гэгддэг салбарын сайд, бас яамныхан нь чимээгүй л сууна. Уг нь “Газар тариалан” холбооныхон өнгөрсөн хавраас эхлээд салбарын яамандаа ган болохыг сануулж байсан ч тэд төдийлэн анхаараагүй гэнэ. Одоо тэд малын тэжээл бэлтгэх л үлдэж байгаа юм байна. Гэтэл ХХААЯ-ныхан иргэдийг тайвшруулах л мэдээлэл өгөхөөс хэтэрсэнгүй. Салбарын бус хүн томилогдоод салбартайгаа танилцах гэж хугацаа алддаг.

Р.Бурмаа сайд ч энэ замаар явж буй бололтой. Хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж буй стратегийн хүнс гэх гурилын хэрэгцээгээ хангахын тулд бусдаас буудай гуйх нь ээ, монголчууд энэ жил. Салбарын яам, газар тариалангийн компаниуд, гурилын үйлдвэрийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун:

“Төлөвлөсөн хэмжээнд ургац хурааж авч чадахгүй”

-Хаврын тариалалтын дараа тав, зургадугаар сард ялангуяа газар тариалангийн бүс нутгуудаар хур тунадас маш бага орсон. Бас хэт их халж, хурц нартай байсан тул таримлуудын өсөлт зогсонги болсон. Зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-нд ажлын хэсгийнхэн газар тариалангийн бүс нутгуудаар буюу Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Сэлэнгийн Орхонтуул, Хөвсгөлийн Тариалан, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгийн Цагааннуур, Хушаатаар явж хадлан тэжээл, ургац, гангийн байдалтай танилцсан. Тэр үед газар тариалангийн бүс нутгаар гандуу байсан. Энэ сарын 2-ноос дээрх бүс нутгуудаар бороо орсон. Тэгэхээр дордоогүй, дээрдсэн байх гэж найдаж байна. Гэхдээ энэ нь ургацад төдийлэн нөлөөлөхгүй байж мэднэ.

Энэ жил төлөвлөсөн хэмжээний ургац хурааж авч чадахгүй. Манай улс хэдий хэмжээний ургац алдах нь наймдугаар сарын 10-15-нд ургацын балансаар тогтоогдоно. Салбарын яам бороо оруулах ямар нэг арга хэмжээ авсан уу гэж байгаа. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа алба хариуцдаг. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд жилд 900 орчим сум хэрэг болдог юм билээ.

Он гарахад 800 орчим сум байсан. Нэлээд хэдэн газар түймэртэй байсан учраас үүнийг ашигласан. Дөрөвдүгээр сараас эхлэн тав, зургадугаар сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахыг оролдсон. Бороо оруулах хэмжээний үүлний масс байгаагүй тул оролдлого төдийлэн амжилттай болоогүй, бага хэмжээний л тунадас орсон. Хамгийн сүүлд зургадугаар сарын эцсээр 178 сум байсан.

Бид тэдгээрийг Ховд, Баян-Өлгий, Архангайгаас татаж авчраад нийт тариалалтын дийлэнх нь ногддог хэсгээр, Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтийд хуваарилсан. Зарим газар бага хэмжээний бороо орсон. Ер нь зөвхөн Монголд хэт их халаагүй юм билээ. ОХУ, Пакистан, Энэтхэг, АНУ, Канад гээд хэд хэдэн оронд хэт халсан. Тариаланчид төлөвлөсөн ургацынхаа тодорхой хэмжээг алдах нь гэж байгаа. Зүүн талд жишээлбэл, Дорнодод байдал гайгүй байгаа. Биднийг явж байхад Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгийн Цагааннуур харьцангуй гайгүй байсан.

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг: “Одоо найдваргүй”

-Энэ жил нийт тарианы бараг 70 хувийг уриншгүй тариалсан. ХХААЯ үүнийг дэмжсэн. Монголын тариалангийн талбайн дийлэнх нь гангийн байдалд орсон. Хатсан цэцгэнд ус хийхээр ургадаг юм уу? Одоо бол нэгэнт өнгөрсөн.

Би дөрөвдүгээр сараас хойш хаврын борооны хурыг буулгаж аваач ээ, ган болно шүү гэж хэлж байсан ч Бурмаа сайд хүлээж аваагүй. Сая орсон бороо нэмэр болохгүй. Манай улс ургацынхаа 70 хувийг алдчихсан. Одоо ямар ч найдваргүй, мал нь идэх өвсгүй болсон. Газар тариалангийн компаниуд маш хүнд байдалд орж, элгээрээ хэвтэх нь. Тариаланчид өнгөрсөн жил буудайгаа зарж чадаагүй. Энэ жил буудай хурааж авч чадахгүй. Хоёр жил цалин авахгүй хүн амьдарч чадах уу. Монголын нийт хүн амын 10 хувь буюу 300.000 хүн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажилладаг. Хөдөө байгаа ажилчид хаачих вэ, хотод орж ирээд юу хийж чадах вэ гээд асуудал бий. Хятад улс бас маш хүнд байгаа.

Орос зарим хэсгээсээ гайгүй ургац авсан. Хойд хөрш буудай нийлүүлбэл үнээ нэмнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж байгаа 30 мянган тонн бол хэрэгцээний ердөө 10 орчим хувь. Цаана нь 90 гаруй хувийг яаж хангах вэ. Энэ жил чанар муутай, бага зэргийн буудай хурааж авна.

“Улаанбаатар гурил” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг:

“Бүх хэрэгцээний буудайгаа дотоодоос худалдан авахыг зорьж байгаа”

-Буудайн үнэ яаж тогтоохоос гурилын үнэ хамаарах нь мэдээж. Ургацын 70 хувийг алдана гэж байгаа ч 791 аж ахуйн нэгжийн нийт балансыг харгалзан гаргасан үзүүлэлт үү, үгүй юү гэдгийг бас тодорхой болгох шаардлагатай. Гурилын үнэ огцом нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Энэ жил манай тариаланчид хэр ургац авах, импортын квотыг шийдсэний дараа гурилын үнийн талаар яригдах болохоос өнөөдөр зах зээлд гурилын үнэ өснө гэж шууд хэлэх боломжгүй. Зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх гээд олон хүчин зүйл байгаа учраас гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох хямд байлгахыг бодно. Бид бүх хэрэгцээний буудайгаа дотоодын тариаланчдаас худалдан авахыг зорьж байгаа.

Төв аймгийн Угтаалцайдам сум дахь “Чонос эмбо” компанийн захирал Н.Энхболд:

-600 га талбайнхаа 260 га-д буудай, 40 га-д тосны ургамал тарьсан. Аль аль нь байхгүй. Толгой гэж давжаа “юм”, тэр будаа болохгүй. Манайх энэ жил 100 хувь “шатаж” байгаа. Ургац авахгүй нь гэж үзэж байна. Энэ жил Угтаал суманд их халж, буудайн өсөлт явагдсангүй. Одоо бороо ороод нэмэргүй. Ер нь манай сум ургац авахгүй байх.

Харин Цээл сумын “Залуучууд” компанийн талбай гайгүй байх шиг байна лээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь “Буян од” компанийн захирал В.Буянтогтох:

-Ер нь ургац алдахаар байгаа. Ургац хураах эсэхээ шийдээгүй байна. 250 га-д тариалсан. Бутлалтынх нь үед газар хуурайшсан. Бүр комбайн оруулахгүй ч байж магадгүй. Одоо яаж ч бороо ороод ургацад нөлөөлөхгүй. Уг нь өмнө нь нэг га-гаас авах ургацын хэмжээ 15 цнээс буудаггүй байсан.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум дахь “Бүрэн тал” компанийн захирал Ч.Нямжав:

-Манай компанийн хувьд төлөвлөсөн хэмжээний ургацаа авч чадахааргүй байна. Бага талбайд буюу 183 га-д буудай тариалсан. Одоохондоо хэр хэмжээний ургац авахыг мэдэхгүй байна. Зүүнбүрэн суманд бороо орохгүй байж байгаад өнгөрсөн 13-нд түр зуурын бороо орж, 22.6 мм тунадас унасан. Зарим компанийн тариалангийн газраар дайраагүй.

Тэр борооноор амь тээсэн. Хааяа нэг 5, 10 мм тунадас унах юм. Гэхдээ хатчихсан, халуун хөрсөн дээр буухаар ямар ч нэмэргүй. Богино, дээд тал 25-30 см-ийн өндөртэй ишнээс жижигхэн түрүү гардаг юм байна шүү дээ. Нэг га талбайгаас дунджаар 25 цн ургац авна гэж төлөвлөж байсан ч одоо бол 7-8 цн-ийг л авч магадгүй. Санаагаар болдогсон бол бороо хождохгүй л дээ, ургац бүрдүүлэхэд нэмэр болно. Зүүнбүрэн суманд агаарт 34, хөрсөн дээр 56-64 градус хүрч халсан.

Сэлэнгэ Баянгол сум дахь “Урт хулс” компанийн захирал О.Рэнцэнханд:

-Саяхан над руу Төв аймгийн Цээлд тариа тарьдаг компанийн захирал ярилаа. “Хөтөл, Номгоноор явж байна. Арай биш болжээ” гэж байна. Тав, зургаадугаар сард хүчтэй халсан, дээр нь их шуурсан учраас газар хуурайшиж, гадаргуу нь цемент маягийн хатуу болчихож байгаа юм л даа. Ширүүн орсон бороо шингэхгүй, урсаад явчихаж байгаа. 20 минут бороо орсны дараа газар ухаж үзэхэд гурван см-ийн чийг өгөв үү, үгүй юү урсаад явчихаж байгаа, үндэс рүүгээ ороогүй. Тариа ерөнхийдөө 15-17 см өндөртэй, механик болц явагдаад толгойлчихож байгаа.

Жирийн хуртай жилийнхийг бодвол толгой нь бас цөөн ширхэгтэй. Одоо бороо орохгүй, халбал нөгөө жоохон толгойлсон байгаа нь хорчийгоод хатчихна. Ер нь энэ жил ургацын 70-80 хувийг алдах байх гэдэг нь ортой болов уу. Манайх 250 га-д буудай тариалсан. Тариа 17 см өндөртэй байна лээ.

Ядаж түлшний мөнгөө олж, банкны зээлээ төлчих юмсан гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд засаг захиргаа, сургууль, эмнэлэг ажилладаг. Өөр албан газар байхгүй. Цөөн га талбайд төмс тарьдаг өрхийн аж ахуй эрхэлдэг, алт ухдаг нинжа нар бий. Газар тариалан эрхэлдэг хүмүүс ажилгүй болбол иргэдийн амьдралд муугаар нөлөөлөх нь тодорхой.

Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь “Цайдам өгөөж” компанийн захирал Тунгалагсайхан:

-Бид 740 га-д улаан буудай тарьсан. Одоо багцаагаар ургацынхаа 50-60 хувийг алдахаар байгаа. Нэг га талбайгаас доод тал нь 15 цн ургац авна гэж төлөвлөсөн ч талыг нь авах нь уу, үгүй юү байгаа. Арай гайгүй байгаа 120 га талбайгаасаа дараа жил хэрэглэх үрээ авчих болов уу гэж найдаж байна.

Зураг