Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө.
Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны газрын дэд дарга Жан Шиаомин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Тахарын ерөнхий газрын Хуяглан хүргэх хэлтсийн дарга С.Хаш-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Энхсүх, атташе Т.Бат-Орших болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Манай төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлуудаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ”-хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим иргэдийг шилжүүлэн эх оронд нь үлдсэн хугацааны ялыг эдлүүлэх хүсэлтийг Хятадын тал судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлэв.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа Ян Чин хорих газрын үйл ажиллагаатай танилцаж, тус хорих ангид хоригдож буй Монгол Улсын иргэнтэй уулзаж ял эдэлж буй нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай нь танилцан, харилцан ярилцаж түүнд тухайн хорих ангийн зохих журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүллээ.
Эх сурвалж: Хууль Зүйн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!