Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эхэлж буй хөрөнгө оруулагчид өгөх 10 зөвлөмж

WWW.GAULI.MN
2015 оны 7 сарын 17
Gauli

Гаүли ҮЦК нь олон нийтийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилладаг билээ. Бид “Харилцагчийг халамжлах үйлчилгээ”-ний хүрээнд цуврал зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байна.

ХАРИЛЦАГЧИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР ДУГААР: 1

Эхэлж буй хөрөнгө оруулагчид өгөх 10 зөвлөмж

Алдартай хөрөнгө оруулагчдын өгсөн олон зөвлөмж бий. Тэд зөвлөмжөөрөө дамжуулж ерөнхий жанжин шугамыг зааж өгдөг. Харин бидэнд “Хэрхэн Монголын хөрөнгийн зах зээлд амжилттай хөрөнгө оруулах вэ?” хэмээх асуултанд хариулах зөвлөмж ховор байна. Иймээс бид алдартай хөрөнгө оруулагчдын зөвлөмжийг Монголчуудын нийтлэг гаргадаг алдаатай хамтатган нэгтгэж илүү үр өгөөжтэй зөвлөмжийг танд хүргэж байна.

Колумбын Их Сургуулийн профессор, Ухаалаг Хөрөнгө Оруулагч, Үнэт цаасны Шинжилгээ зэрэг алдартай номнуудын зохиогч, үнэт цаасны шинжилгээний эцэг гэгддэг Бэнжамин Грахам

ЗӨВЛӨМЖ1. Урт хугацаанд хөрөнгө оруул: Хувьцааны үнэ гэдэг нь компанийн үнэ цэнийг илэрхийлэгч тоон үзүүлэлт гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Урт хугацаанд хувьцааны ханшийг компанийн үнэ цэнэ хөтөлнө. Харин компанийн үнэ цэнэ өсөөгүй байхад эсвэл буураагүй байхад ханш өсч эсвэл буурч болно. Хамгийн гол нь ийм үйл явдал богино хугацаанд үргэлжилдэг гэдгийг мартаж болохгүй. Хэсэг хугацааны дараа ханш эргээд байрандаа ирнэ. Гагцхүү ийм ханшийн савалгаанд эхлэн оролцогчид хууртаж буруу үедээ хөдөлдөг. Иймээс та урт хугацаанд хөрөнгө оруул. Компанийн үнэ цэнэ урт хугацаанд аажмаар хөдөлнө. Тэрхүү жанжин шугамыг дагаж хөрөнгө оруулбал маш том амжилтыг үзүүлж чадна. Богино хугацааны ханшийн хэлбэлзэлд буу хуурт. Тэгэхээр хамгийн чухал нь үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж буйг яаж мэдэх вэ? Урт хугацаанд орох ёстой гээд таг харанхуй, огт мэдээлэлгүй байж болохгүй. Тэгвэл алдана. Иймээс үнэн бодит мэдээллийг цаг тухай бүрт нь авч, мөн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудын чанартай хийгдсэн судалгааг байнга уншиж, түүндээ үндэслэн дүгнэлт гаргах хэрэгтэй. Урт хугацааны үнэ цэнийн өөрчлөлтийг суурь судалгаанууд танд гаргаж өгнө. Үнэт цаасны шинжилгээний эцэг гэгддэг Бэнжамин Грахам “Би 1 долларын үнэ цэнэтэй хувьцааг 50 центээр худалдан авах дуртай” гэж хэлсэн байдаг. Манайхны түгээмэл гаргадаг нэгдүгээр алдаа бол “Хангалттай уншиж судлан, танин мэдэж, ойлгож ухамсарлан хөдөлмөрлөхгүйгээр мөнгөтэй болох гэнэн мөрөөдөлдөө автах”

Домогт хөрөнгө оруулагч, Омахагийн зөнч хочит Уоррен Буфет. Тэрээр Бэнжамин Грахамиын шавь нь байжээ.

ЗӨВЛӨМЖ2. Үргэлж мэдээлэлтэй бас судалгаатай бай: Та амжилт олъё л гэж байгаа бол үнэн бодит мэдээллийг зөв цагтаа авч чаддаг байх хэрэгтэй. Мөн өргөн хүрээнд чанартай хийгдсэн судалгаатай цаг тухай бүрт нь танилцаж, шийдвэр гаргалтаа оновчтой болгох ёстой. Алхам бүртээ яагаад авч байгаа эсвэл зарж байгаагаа нягтлаж баттай үндэслэл хай. Ханш өндөр хувиар хэлбэлзэх үед сэтгэл хөөрөлдөө автаж болохгүй. Үнэн бодит мэдээлэл, чанартай судалгааг цаг тухай бүрт нь авч чадвал та жанжин шугамаа алдахгүй ба богино хугацааны ханшийн хэлбэлзэлд хууртахгүй. Баттай мэдээллийн эх сурвалжуудаа олшруул. Баттай эх сурвалж гээд цор ганц сувагтай байж хэрхэвч болохгүй. Үнэн бодит мэдээлэл, чанартай суурь судалгаанд үндэслэж хувьцаа авбал үүнийг сая үүнийг “хөрөнгө оруулалт” гэж нэрлэдэг. Эсвэл бөгөөс задгай далайд сэлүүргүй гарч байна гэж ойлгоорой. Манайхын түгээмэл гаргадаг нэг алдаа бол “Энэ хувьцаа өсчих юм шиг санагдаад байна. Авчихъя”

Жорж Сорос нь санхүүгийн ертөнцийг мэдрэх онцгой авъяастай. Тэрээр зах зээлд оролцогчид бүгд зах зээлд нөлөөлөх боломжтой гэж үздэг ба макро шинжилгээ, мэдээллүүдийг ашиглан их хэмжээний ашиг олох боломжтойг баталсан дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч билээ.

ЗӨВЛӨМЖ3. Илүүдэл мөнгөөрөө хөрөнгө оруул: Өнөөдрийнхөө талхны мөнгөөр хувьцаа авч маргааш нь өсгөөд нөгөөдөр нь бялуу авч идэх зорилготой байгаа бол ийм гэнэ байж болохгүй. Эхлээд хоолоо идэж, хувцасаа авч өмс, гэр бүлдээ зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь гарга. Урсгал зардлаа гаргаж дуусаад, ирээдүйд учирч болох их дүнтэй зардлуудаа тооцоол. Ингэж нарийн тооцоолсны үр дүнд хувьцаа ав. Эсвэл бөгөөс эхлээд өөрөө, дараа нь гэр бүл чинь санхүүгийн хямралд орж мэднэ. Нэг шөнийн дотор баяжина гэж мөрөөдөх хэрэггүй. Ромыг нэг өдөрт бариагүйг сана. Тэвчээртэй бай. Урт хугацаанд хөрөнгө оруул. Ингэхдээ санхүүгээ маш сайн төлөвлө.

ЗӨВЛӨМЖ4. Багаар эхэлж, хүүхэд шиг бай: Дөнгөж хувьцаанд хөрөнгө оруулж эхэлж байгаа бол багаар эхэл. Манайхныг ажаад байхад аль болох их мөнгөөр орж хурдан ашиг хийхийг хүсдэг. Магадгүй нэг удаа аз таарч авсан хувьцаа чинь өсч болох ч насан туршдаа азтай байна гэдэгт бүү найд. Багаар хэлж хэд хэдэн хувьцаа ав. Алдсан ч харамсахгүй мөнгөөр л эхлэх нь зүйтэй. Нэг сар, хоёр сар, гурван сар зарцуул. Алдаж байна уу? Хожиж байна уу? Өөртөө дүгнэлт хий. Нэмэх гэж бүү яар. Хожиж байвал ямар нөхцөлд хожиж байгаагаа дүгнэ. Алдаад байвал мөн л адил дүгнэ. Нэмэх цаг нь болжээ гэж өөртөө итгэлтэй болсон үедээ л нэм. Эргэлзэж байгаа бол нэмээд хэрэггүй. Сэтгэл санааг чинь тогтворгүйтүүлж алдаа гаргах магадлалыг тань нэмж орхино. Гүйж сурахаасаа өмнө алхаж сур. Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур.

ЗӨВЛӨМЖ5. Тогтмол нэм: Итгэлтэй болсон бол тогтмол нэм. Монголчуудын бас нэг гаргадаг алдаа нь эхэндээ хэдэн саяар хувьцаа авсан атлаа явц дундаа мөнгө нэмдэггүй. Хэрэв та ингэж хөрөнгө оруулбал өөрийгөө чөдөрлөж байгаатай адил. Учир нь гурван жилийн дараа өссөн байна гэдэгт итгэлтэй байгаа хувьцааны ханш тань өнөөдөр 100 төгрөг байснаа шулуун шугамаар өсч 1,000 төгрөг болохгүй. Харин 90, 80, бүр 70-руу ч унаж мэднэ. Тэр үед нь та мөнгөгүй бол нэмж авч чадахгүй. Ханш эргээд 100 хүртэл өсч байж алдагдал, ашиг тань тэг болно. Харин унасан үед нь авчихвал дундаж авсан үнэ тань 90, 80 төгрөг болж буурах ба эргээд өсөхөд богинохон хугацаанд ашигтай болно. Энд нэгэн асуулт урган гарна. Ханш унаад байхад яагаад нэмж худалдан авах ёстой юм бэ? Бүр 10 төгрөг болчихвол яах юм гэж та бодож байгаа байх. Таны зөв. Тийм эрсдэл бий. Гэхдээ та ЗӨВЛӨМЖ2-ийг хэрэгжүүлж чадвал хэзээ авах зарах, юуг авах зарахаа мэддэг болно. Мэдэхгүй зүйлээсээ хүн айдаг. Ханш унахад яагаад унаж байгааг мэдэхгүй бол айна. Яаран зарж алдагдал хүлээнэ. Харин мэдэж байгаа бол эсрэгээрээ баярлах болно. Учир нь таньд хямдхан худалдан авах боломж олдож байна шүү дээ.

Би бол жинхэнэ Волл Стритийн Чоно. Гэхдээ цэнхэр дэлгэцээр гардаг чоноос илүү эелдэг даруухан ёс суртахуунтай хэлбэр нь байна Би өөртөө мөрөөдлийг бий болгож түүнийхээ төлөө амьдардаг болсон Мөрөөдлөө зөв олж түүнийг хүрэх ѐстой цэгээ гэж бодвол энэ чамайг идэвхижүүлж урагшлах хөшүүрэг

ЗӨВЛӨМЖ6. Үргэлж идэвхитэй, сониуч бай: Энэ захаас ашиг олъё гэвэл маш идэвхитэй сониуч байх хэрэгтэй. Аливаа зүйлийн учир шалтгааныг олох гэж хичээдэг байх нь маш чухал. Гэхдээ зөвхөн эдийн засаг, санхүүгийн талаарх мэдээлэл, мэдлэгээ нэмэгдүүлээд байж болохгүй. Өргөн хүрээний мэдээлэл, мэдлэгтэй болох хэрэгтэй. Таны мэдээлэл, мэдлэг өргөжихийн хэрээр ашиг олох магадлал тань нэмэгдэнэ.

ЗӨВЛӨМЖ7. Өөрийгөө үргэлж хөгжүүл: Хувьцааны ханшид нөлөөлдөг хүчин зүйл үргэлж өөрчлөгдөж байдаг. Жишээ нь, Оюу толгойн хувьцааны ханшид өнөөгийн байдлаар Монгол засгийн газрын үйл хөдлөл хүчтэй нөлөөлж байна. Магадгүй таван жилийн дараа ханшид зэсийн үнэ хамгийн хүчтэй нөлөөлдөг болсон байж мэднэ. Хөрөнгийн зах зээлд ашиг хийе гэвэл эцэс төгсөлгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжинө гэдэгт эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх онолын мэдлэгтэй болох, түүнийгээ практикт шалгаж үзэх, бодит амьдралд бизнес хэрхэн явдагийг ойлгох, судлах, алдартай хөрөнгө оруулагчдын бичсэн ном унших, дэлхийн санхүүгийн зах зээлийн хөгжлийг судлах, чанартай сургалт, семинарт тогтмол хамрагдах гэх мэт өргөн цар хүрээнд ойлгох хэрэгтэй.

ЗӨВЛӨМЖ8. Өөрийн аргаа ол: Өөртөө тохирсон, өөрт тань ашиг өгч чадах аргатай бол. Ялагчид туршилтаар батлагдсан, өөрт нь эвтэйхэн аргыг гартаа оруулсан байдаг. Хамгийн сайн цор ганц арга гэж байхгүй. Төгс төгөлдөр аргачлал гэж байхгүй. Учир нь хүн бүр өөр өөрсдийн онцлог шинжтэй, мөн өөр өөр зах зээлд хөрөнгө оруулдаг учир нэг зах зээлд хэрэглэж байсан арга нөгөө зах зээлд яг таг таарна гэж үгүй.

ЗӨВЛӨМЖ9. Арилжаа бол төлөвлөгөө: Хөрөнгө оруулалтаа эхнээс нь дуустал нь төлөвлө. Та хувьцаа авахаасаа өмнө зарахаа тооцсон байх хэрэгтэй. Өсөхөөр нь харж байгаад зарна даа гэж бодож болохгүй. Зорилго тавь. Би энэ хувьцаагаас 10 хувийн өгөөж олно гэж зорьсон бол ханш 20 хувь өсөхөөр санагдсан ч 10 хувийн ашгаа аваад гар. Харин дараа нь яагаад 20 хувь өссөн талаарх дүгнэ. Дүгнэлтээ дараагийн арилжаандаа ашигла.

ЗӨВЛӨМЖ10: Эцэст нь хэлэхэд, багц бүрдүүл. Нэг сагсанд бүх өндгөө бүү хий. Ялангуяа эхэлж байгаа хүмүүст энэ маш чухал. Гэхдээ тоймгүй олон хувьцаа аваад байж болохгүй. Багцдаа 5-10 хувьцаа багтаа. Мэдээж сонголт хийхдээ ЗӨВЛӨМЖ2-ийг заавал хэрэгжүүлээрэй. Багц бүрдүүлснээр та эрсдэлээ бууруулж чадна.


Оффисын утас: 7015-3300
Брокер: 88994548
Хөрөнгө оруулалтын шинжээч: 89804010
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж, Сонор Плаза, 602 тоот