Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын чуулганы үр дүнгийн талаар бүлгийн дарга нарын байр суурь

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан 196 удаа хуралдаж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталсан байна. Энэ Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн хуулийг батална гэж байсан ч амжсангүй. Засагт хамтархыг урьсан МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасан гээд улс төрийн амьдрал тогтворгүй, тодорхойгүй байсаар хаврын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнгийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарын байр суурийг хүргэж байна.

УИХ дахь АН-ын дарга Б.Гарамгайбаатар: Хэлэлцэх ёстой хуулийнхаа 60 орчим хувийг баталлаа

Үлдсэн хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 3-нд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр боллоо.
Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тогтоолыг Загсийн газраас дахин өргөн барих ёстой. Тэд хэзээ өргөн барихаас хамааран бид хэлэлцэнэ. Энэ асуудлыг маш богино хугацаанд хэлэлцэх боломжгүй. Наадам болох гэж байхад янз бүрийн уур амьсгал бүрдүүлэх шаардлагагүй гэж үзэн, хаврын чуулганаар хэлэлцсэнгүй.
Хэлэлцэх ёстой хуулийнхаа 60 орчим хувийг баталлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Ажлын хэсгүүд нь хуулиа өргөн барьсангүйгээс чухал хуулиудыг баталж амжсангүй

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал сайнгүй байна. Хүндрэлийг давахын тулд УИХ болон Засгийн газар гадна дотноос хөрөнгө оруулалт татах, үүнд шаардлагатай хуулийг боловсруулахад эрвийх дэрвийхээрээ ажиллалаа.
Хаврын чуулганаар баталсан онцлог хууль гэвэл НӨАТ-ын тухай хууль. Бизнес эрхлэгчид энэ хуулийг удаан хүлээсэн. Тэдний татвар төлөх босгыг 10-аас 50 сая болгон өндөрсгөлөө. Мөн 10 хувийн НӨАТ төлсөн иргэд хоёр хувиа эргүүлэн авах боломжтой боллоо. Ингэснээр худалдаа, бизнесийг дэмжсэн хууль гарсан. Баялаг бүтээгчдэд ээлтэй дараагийн хуулиуд бол Төрөөс аж үйлдвэрлэлийн салбарт баримтлах бодлого болон Үйлдвэрлэлийн тухай хууль.  Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ төр дэмжихээр боллоо.

Бид БНХАУ-ын бэлтгэн нийлүүлэгч байсаар ирсэн нь өөрчлөгдөнө гэж найдаж байна.  Энэ бүхэн хаврын чуулганы үр дүн.

Харин улс төр, нийгмийн гол хуулиуд болох Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд, Улс төрийн намуудын тухай хуулийг баталж амжсангүй.  Ажлын хэсгүүд нь хуулиа өргөн барьсангүй.

МАН засагт хамтарсны үр дүнг цаг хугацаа харуулна.  МАН болон АН-ын хооронд зарчмын зөрүүтэй асуудлууд байсан. Манай бүлэг хаврын чуулганаар Засгийн газраас оруулж ирсэн зөв бодлого бүрийг дэмжсэн. Бурууг нь засахын тулд ажилласан. Хаврын чуулганаар нийт 20 бие даасан хууль, 100 орчим баримт бичгийг баталлаа. Үүний 3-т нь л манай бүлэг эсрэг байр суурьтай байснаас завсарлага авсан. Тэгэхээр манай намын бүлэг хариуцлагатай ажилласан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад алсдаа үр өгөөжөө өгөх хуулиуд баталлаа

Өнөөдөр батлагдсан НӨАТ-ын тухай хууль их удаан дуншсан. Энэ хууль бизнес эрхлэгчдийн татварын орчныг сайжрууллаа.
Мөн бид аж үйлдвэрийн бодлогын хуулиудаа баталлаа. Эдгээр нь манай улсын экспортын орлогыг өсгөн, валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Халх голын чөлөөт бүсийн тухай хуультай болсноор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт уул уурхайн салбарыг гүйцэж түрүүлэх нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн хүндрэлийг гэтлэн туулахад алсдаа үр өгөөжөө өгөх хуулиуд баталлаа.
 

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Олон жил ярьсан үйлдвэржилтийн бодлогоо баталлаа

Бид олон жил үйлдвэржилтийн бодлого, аж үйлдвэрийн парк гэж ярьсан. Өнөөдөр эдгээр хуулийг баталлаа. Аж үйлдвэрийн яамтай болж, энэ салбарын бодлогоо тодорхойлсон нь яах аргагүй том амжилт.  Аливаа улсын нийгмийн хөгжлийг замын хөдөлгөөнд нь оролцоод харж, шинжиж болдог. Бид Замын хөдөлгөөний тухай хуулиа баталлаа.  Архи уусан жолооч эхний удаад торгууль төлөөд, дараагийн удаад эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна. Өмнө нь бол хөдөө ч, хотод ч архи уучихаад машинаа асаадаг байсан. Ингэж машинаа асаах нь гэмт хэргийн эрүүгийн сэдэл болдог. Учир нь муу уршиг дагуулдаг шүү дээ.
УИХ-ын дарга хэлсэнчлэн бид хаврын чуулганаас олон зүйл хүлээж байсан. Намын тухай болон Сонгуулийн тухай хуулиа батлах хэрэгтэй байсан. Сонгууль болгоноор марган, шударга бусаараа дуудалцдаг. Сонгуулиас сонгуулийн хооронд улам л хэврэг, эмзэг орчин бий боллоо. Намрын чуулганаар нэр дурдсан хуулиудыг батална гэж найдаж байна.

Намуудын нэр хүнд маш их уначихлаа. Юу ч гэж хэлсэн иргэд тоохгүй байна. Амлалтаа биелүүлдэггүй, үзэл санааны өрсөлдөөнгүй болсон, намаар дамжиж албан тушаалд хүрдэгт иргэд дургүйцэж байна. Намын гишүүн биш бол хүн биш юм шиг. Намын дарга том албан тушаалтнууд биш оюун санааны удирдагчид байх ёстой.