Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бакей: УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 15-нд хийхээр төлөвлөж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын элжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж,  мэдээлэл өглөө.

Байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд шахуу ажиллаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэнд нь хэрэгжүүлсэн, тухайлахад энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсанаас 136 нь хэлэлцэгдэж батлагдсан, түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэлээд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж шийдвэрлэснийг онцлов.

Дараа нь тэрээр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 65, УИХ-ын тогтоолын төсөл 5, байнгын хорооны тогтоолын төсөл 3, хяналт шалгалт, харьяа байгуууллагын тайлан, мэдээлэл 4-ийг хэлэлцэж, санал, дүгнэлт 11, танилцуулга 2-ыг гаргасан байна. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 3 ажлын хэсгийг шинээр байгуулсан агаад энэ хугацаанд байнгын хорооны нийт 8 ажлын хэсэг 37 удаа хуралджээ.

Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг давхардсан тоогоор 74 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа байнгын хорооны дарга товч дурдаад шинээр батлагдсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Мөн Засгийн газраас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” нэртэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн “Хууль тогтоомжийн тухай хууль” нэртэйгээр баталсан. 11 бүлэг 53 зүйлтэй. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Байнгын хорооны дарга дараа нь тус байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар товч мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултт өгсөн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар танилцуулахдаа, ажлын хэсэг эрчимтэй ажиллаж сонгуулийн хуулийн төслийн гол асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Хуулийн төсөлд УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх нам, экспертийн саналыг авч, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогоор сонгуулийн цахим сурталчилгааг хэрхэн шийдэх, мөн УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх эсэх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг тухайн үед нь санал хураалтаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Хяналтын тооллогын тоог хоёр дахин нэмэгдүүлж суманд 2, дүүрэгт 4 хэсэгт хийхээр тусгасан гэдгийг хэлэв.

Байнгын хорооны дарга А.Бакей сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ оны 9 дүгээр сарын 15-нд хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Төслийг өргөн мэдүүлбэл ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.