Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусаад буй. Парламентад суудалтай намууд Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа тохиролцон нэг зүйл нь 2016 оны сонгуулиас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж дууссан боловч УИХ-д өргөн бариагүй байгаа юм. Тус хуулийн төсөлд орсон өөрчлөлтүүдийн талаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж дууссан гэсэн. УИХ-д хэзээ өргөн барих вэ. Сонгуулиас өмнө баталж амжих уу?
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж дууссан. Чуулганы завсарлагааны үеэр холбогдох байгууллагуудад санал авахаар явуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэд хэлэлцэх байх. Үүний дараагаар ямар хэмжээнд өргөн баригдах вэ гэдэг асуудал яригдана. Өргөн бариад хэлэлцүүлэгдсэний дараа хэрхэн батлах, Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын дөрөвний гурвын ирцтэйгээр батлах уу, ард түмний санал асуулгаар батлах уу гэдгийг шийдэх байх.
- Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа юм билээ. Ингэснээр Засгийн газар тогтвортой байж чадах уу?
- Манай улс Ерөнхийлөгч, засгийн газар гэсэн хоёр засаглалтай болчихоод байна. Уг нь парламентын засаглалтай. Тиймээс парламетын засаглал руугаа нэлээн түлхүү өөрчлөлт оруулсан. Парламентын засаглалтай улс орны бүх эрх мэдэл парламентдаа овоорохгүй. Харин гүйцэтгэх засаглал нь хурдан шуурхай, тогтвортой ажилладаг. Ерөнхийлөгч, УИХ-аас Засгийн газрын ажилд хутгалдах, орлох, шүүрч авах асуудал байхгүй болно. Намрын чуулганаар төсөв, үндсэн чиглэл бусад асуудлыг хэлэлцдэг учраас есдүгээр сарын дундуур Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой байх гэж бодож байна.
- Засгийн газар тогтворгүй байгаа нь тогтолцоондоо байна уу?
- Солигдохгүй Засгийн газар гэж байхгүй. Харин хариуцлага нь тодорхой болоод Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлдэг, шаардлагатай үед сайд нараа өөрөө солих эрх нь уян хатан болж байгаа. УИХ-ын гишүүд дургүй нь хүрэхээр л сайд огцруулъя гэж давхиад байдаг асуудал байхгүй болно. Харин Ерөнхий сайд өөрөө ажиллаж чадахгүй байгаа сайд нарыг дор нь солиод, орных нь хүнийг дор нь томилно. Ерөнхийлөгч, парламент, Ерөнхий сайд гурав өөр өөрсдийнхөө байх ёстой байранд очно гэсэн үг.
- Хуульд Засгийн газар есөн яамтай байна гэж тусгасан хэрнээ, Ерөнхий сайд эрх хэмжээнийнхээ хүрээнд гурваас илүүгүй сайдыг оруулж ирж болно гэж заасан байсан. Тэгэхээр яамдын тоо багасахгүй юм биш үү?
- Есөн яамтай байна гэж тодорхой заасан. Харин Засгийн газрын гишүүнийг гурваас илүүгүй нэмж болно гэж тусгасан. Энэ нь Шадар сайд, Монгол Улсын сайд гэх мэт байх юм. Нийт 12-оос илүүгүй сайдтай байх юм. Мөн давхар дээлийг хязгаарлаж өгсөн.
УИХ-ын гишүүдийн тоог хөндөөгүй. Гэхдээ гурван сая хүн амтай улс 76-аас илүү парламентийн гишүүнтэй байх ёстой. Тийм боловч өнөөдрийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээж авахгүй.
- 1999 онд хийсэн долоон өөрчлөлтийг хэрхэн шийдсэн бэ?
- 1999 онд хийсэн долоон өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гарцаагүй эргэн сэргээх ёстой хэд хэдэн өөрчлөлт байна. Тухайлбал 75-аас доошгүй хоног хуралдах, УИХ-ын гишүүд удирдлагыг дотроосоо нууцаар санал хураах, нэг дэд даргатай байх заалтуудыг эргэн сэргээх нь зүйтэй. Мөн “давхар дээл”-ийн асуудлыг хязгаарлах нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!