Windows Phone төгсгөл боллоо. Өчигдөр буюу Лхагва гарагт Майкрософт корпораци гар утасны үйлдвэрлэлийн салбараасаа 7,800 ажлын байрыг цомхтгож, 2013 онд Нокиаг худалдаж авсан $7.6 тэрбумыг дансны бичлэгээсээ хасаж байгаагаа зарлалаа.
Гүйцэтгэх захирал Сатья Наделла ажилтнууддаа хандаж бичсэн захидалдаа Майкрософт дахин гар утасны бизнес хийхгүй гээд, харин гар утсанд зориулсан үйлдлийн системийн програм хангамж дээр төвлөрнө гэжээ. Мөн Windows Phone-ы үлгэр жишээ болгож хязгаарлагдмал тооны загварууд үйлдвэрлэх гэнэ. Яг Google-ын Nexus шиг.
Өнгөрсөн хугацаанд HTC, Samsung, LG зэрэг олон үйлдвэрлэгчид Windows Phone гаргаж байсан ч яваандаа бүгд үүнийгээ зогсоосон юм. Ийнхүү хамгийн сүүлчийн үйлдвэрлэгч буюу Майкрософт өөрөө Windows Phone-ээс татгалзлаа.
Windows Phone-ы зах зээлийн эзлэмж дөнгөж 3 хувь хүрч байсан нь хангалттай олон аппликэшн хөгжүүлэгчдийн сонирхлыг татахгүй байсан бөгөөд үүнээс болоод хэрэглэгчид нь iPhone, Android шиг олон сонголттой аппликэшнээр хангагдахгүй байсан юм.
Долдугаар сарын 29-нд зах зээлд гарах Windows 10 үйлдлийн систем нь гар утаснаас эхлээд TV мэтийн том дэлгэцтэй компьютер дээр ажиллах чадвартай байна гэж байгаа ч эхний ээлжинд гар утасны хувилбар нь гарч амжихгүй бололтой.
Тиймээс ойрын үед Майкрософт Windows Phone-ы төгс жишиг загвар гаргаж түүгээрээ дамжуулан бусад гар утас үйлдвэрлэгчдийн анхаарлын төвд орохыг зорих нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!