Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүллээ

ikon.mn
2015 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор АН-ынхан МАН-ыг Засгийн газраас гаргах гэж байна гэх мэдээлэл цацагдах болсон. МАН-ыг Засгаас гарах нь зөв, буруу гэх мэдээллүүд олон нийтийн анхаарлыг татах сэдэв болоод буй. Харин УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Мэдэгдэл хүргүүлэх тухай

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт Ардчилсан намаас Засгийн газарт хамтран ажиллахаар Улс төрийн намуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг даалгасан.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Ардчилсан нам, Монгол ардын нам хооронд байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-ний хэрэгжилтийг хэлэлцээд "хангалтгүй" гэж үзлээ.

Хамтарсан Засгийн газраас өргөн барьсан эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхийн төлөө  танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байна.

Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа учир зайлшгүй шаардлагатай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал цаг алдалгүй хэлэлцэн батлах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ.

Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахад саад учруулахгүй хамтран ажиллахыг Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлэгт мэдэгдэж байна.