Өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэлийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.
Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч илтгэгч нь ирээгүй, түүнчлэн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүдийг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Тэрбээр "Уг тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2014 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашиг алдагдлыг тодорхойлох боломжтой болох аж. Өнгөрсөн онд 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр удаа боловсруулж батлуулсан” гэв.
Мөн улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд улсын төсвийн 36 төсвийн ерөнхийлөн захирагчийн 735 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг хамруулан нэгтгэж гаргажээ. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил, үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, түүний үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн гаргасан байна.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 727 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан нь уул уурхайн түүхий эд, зарим түүхий эдийн экспортын хэмжээ төсөөлж байсанд хүрээгүй, мөн эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь төсөют төвлөрүүлэх уул уурхайн орлого болон орлогын албан татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлсэн байна.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдсэн төсвийн орлогын гол нэр төрлийн эрдэс баялгаас төсөвт төвлөрөх орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцож, түүнээс давсан хэсэг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлжээ, түүнчлэн 2014 онд Тогтворжуулалтын сангаас анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг нөхөх зорилгоор 118.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод шилжүүлэн зарцуулсныг төсвийн гүйцэтгэлд тусгаж тайлагнасан байна.
Дараа нь улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулсан юм.
Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу 2014 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, улсын төсвөөс санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнд аудитын дүгнэлт хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Ингэхдээ төсвийн байгууллагууд болон улсын төсвийн хөрөнгөөр баригдах 800 гаруй барилга байгууламжийн мэдээллийг харуулсан цахим тайланг гаргаж интернэт орчинд танилцах боломж бүрдүүлжээ.
Үндэсний аудитын газрын дүгнэлтэд улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлого, алдагдал, өрийн хэмжээний хувьд 2014 онд төлөвлөсөн зорилт бүрэн хангагдаагүй, орлого гэхэд төлөвлөснөөс 727 тэрбум төгрөгөөр дутуу, түүний гол хувийг татварын орлого эзэлж байна. Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах боломжийг алдсан байна гэж дүгнэжээ.
Хөрөнгө оруулалтын тухайд 855 төсөл арга хэмжээний 466 нь бүрэн хэрэгжсэн, 22 нь хэрэгжээгүй, 367 нь дутуу хэрэгжилттэй байна гэсэн дүн гарсан байна. 2014 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн 518 барилга байгууламжийн 54.6 хувийг нь улсын комисс хүлээн авсан байна. Үүний шалтгаан нь төлөвлөлт хангалтгүй, зураг төсөвгүй, гэрээлэгчийг сонгохдоо хугацаа алдсан, гэрээний үүргийг хэрэгжүүлэх хариуцлага сул байгаатай холбоотой гэж аудитын байгууллага үзээд ийм дутагдал жил бүр давтагдаж байгааг анхааруулсан байна.
Төрийн аудитын байгууллага төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийсний үндсэн дээр Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд олон улсын стандартын дагуу аудит хийж дүгнэлт гаргасан байна. Ингэхдээ санхүүгийн тайлангийн 91.1 хувийг зөрчилгүй гэж үзсэн бол 8.9 хувьд нь хязгаарлалттай дүгнэлт өгчээ. Мөн хараат бус 45 аудитын байгууллагатай гэрээ хийж 189 аж ахуйн нэгжийн 2014 оны тайланд аудит хийлгэхэд 88.6 хувь нь зөрчилгүй гэсэн дүнтэй гарсан байна. Аудитын байгууллагууд санхүүгийн тайлангуудад аудит хийх явцдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд 540 санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Үүгээр “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

