“Бүтэц, орон тоогоо үндэслэлгүй нэмэгдүүлсэн дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй”
УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн оролцож, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа 2014 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.
2011 онд төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 37.2 тэрбум төгрөг төлж байсан бол 2014 онд 500.3 тэрбум төгрөг болж 13.5 дахин нэмэгдсэн байна. 2015 оны төсөвт тусгаснаар зээлийн үйлчилгээний төлбөрт 700.7 тэрбум төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэгдсэн төсвийн орлогынхоо 10 хувийг зээлийн хүүд зарцуулдаг нөхцөл байдал сүүлийн гурван жилд үүсчээ. Энэ нь 300 гаруй сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө бөгөөд татвар төлөгчдийн хөрөнгийг зөвхөн зээлийн хүүд зориулсан гэсэн үг. Ингэснээр Монгол Улс зээлийн эдийн засагтай боллоо” гэж Б.Чойжилсүрэн гишүүн хэллээ.
Харин ганцхан хүү торгуулийн орлого 101.7 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Өнгөрсөн онд төсвийн 17 ерөнхийлөн захирагч гадаад, дотоод томилолтын зардлаа дөрвөн саяас 1.01 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн. 2012 онд 121,600 төрийн албан хаагч байсан бол 2014 онд 181,700 болж нэмэгдсэн. Улаанбаатар хотын ажиллагсдын тоо төлөвлөгөөгөөр 5,803 байх ёстой атал 415 хувь буюу 24,102 болгон нэмэгдүүлж, төрийн бүтцийг улам данхайлгасныг онцлов.
Иймд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүтэц, орон тоогоо үндэслэлгүй нэмэгдүүлсэн, санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг өсгөсөн дарга нарт хариуцлага тооцох, төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг яаралтай шийдэх саналыг УИХ-аас гарах тогтоолын төсөлд тусгах санал дэвшүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

