Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол судлаачидтай уулзлаа

ГХЯ
2015 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэрт монголч эрдэмтэн проф.К.Загастер тэргүүтэй Германы Монгол судлаачидтай ХБНГУ-ын Бонн хотноо уулзав. Уулзалтын үеэр Монгол судлаачид Герман дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар ярилцан, санал солилцлоо.

Бонны их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагааг сэргээж, Герман дахь Монгол судлалыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага, дэмжлэг үлэмж хувь нэмэр оруулсныг монголч эрдэмтэн проф.К.Загастер тэмдэглээд, энэ нь Монгол судлаач эрдэмтдэд урам зориг өгч байгаад гүн талархлаа илэрхийлэв. Мөн удаан хугацаанд зогсонги байдалтай байсан Бонны их сургуулийн Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа БСШУЯ, Бонны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2014 оноос дахин сэргэж, өнөөдрийн байдлаар бакалавр, магистр, докторын түвшинд нийт 22 оюутан тус их сургуульд суралцаж байгааг Бонны их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч И.Штолбэ танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Герман дахь Монгол судлалыг дэмжих, үйл ажиллагааг нь сэргээхэд Монголын талаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Герман дахь Монгол судлалыг дэмжих, үйл ажиллагааг нь сэргээхэд Монголын талаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу манай БСШУЯ, Бонны их сургууль хооронд 2014-2024 онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Энэхүү 10 жилийн хугацааны хамтын ажиллагааны зардлын тал хувийг монголын Засгийн газар санхүүжүүлэх юм.

Нэрт Монгол судлаач, эрдэмтэн профессор Вальтер Хайссигийн удирдлага дор Бонны их сургуульд Монгол судлал эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ үеэс Бонн хот нь Монголын түүх, хэл, соёлын судалгааны төв байсан билээ. Герман дахь Монгол судлалын эцэг, нэрт эрдэмтэн проф.В.Хайссиг гуайн үйл ажиллагааг проф.К.Загастер өвлөн авсан юм.